Засгийн газар арбитрт дахин дуудагдлаа

548

Монгол Улсын Засгийн газар арбитрын шүүхийн хаалгыг дахин татах нь. “Оюутолгой”-н хувьцаа эзэмшигч Turquoise Hill Resources компани Монгол Улсын Засгийн газрын тавьсан 155 сая ам.долларын татварын актын эсрэг олон улсын арбитрын шүүхэд зарга үүсгэлээ. “Оюутолгой”-н 2013-2015 онд үйл ажиллагаанд аудитын шалгалт хийсний үндсэн дээр 155 сая ам.долларын актыг энэ оны нэгдүгээр сард Татварын ерөнхий газраас тавьсан.

Энэ бол олон улсын арбитрын шүүхийн хаалга татах гэж буй анхны тохиолдол биш

Харин “Оюутолгой” компани төлөөгүй татвар, торгууль зэргийг тооцоод таван сая ам.доллар нэмж төлөхөөр зөвшөөрч, төлбөрөө 2018 оны нэгдүгээр сар гэхэд бүрэн барагдуулсныг Turquoise Hill Resources мэдээлсэн юм. Мөн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд төлөх шаардлагатай бүхий л төлбөр, хураамж, татвараа бүрэн төлж барагдуулсан гэсэн хатуу байр суурьтай байгаагаа Turquoise Hill Resources компани санхүүгийн тайландаа дурдсан байна.

Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд татварын маргаан шийдэгдэх ба Монгол Улсын Засгийн газарт маргаан шийдвэрлэх хүсэлтийг гуравдугаар сарын 15-нд хүргүүлсэн байна. Талуудын хооронд маргаан гарвал хэрхэн шийдвэрлэхийг “Оюутолгой”-н албан ёсны цахим хуудас дахь хөрөнгө оруулалтын гэрээний 14 дүгээр бүлэгт тусгажээ.

Тодруулбал, “Талуудын хооронд аливаа маргаан гарвал түүнийг эхний ээлжинд хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх бөгөөд аль нэг тал нь хэлэлцээ хийх хүсэлтийг бичгээр тавьснаас хойш ажлын 60 хоногт шийдвэрлэнэ. Тохиролцсон хугацаанд талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бол уг маргааныг гэрээний 14.2-т заасны дагуу арбитрын зарчмаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

Мөн уг ажиллагааг Лондоны олон улсын арбитрын шүүхэд явуулах тухай тусгасан байна. “Оюутолгой”-н татварын маргаан 2014 оны зургадугаар сард эхэлсэн. Тус компанийг 2010- 2012 онд татвар дутуу төлсөн, санхүүгийн бусад зөрчил гаргасан хэмээн Татварын ерөнхий газраас 130 сая ам.долларын торгууль ногдуулсан. Үүний 30 саяыг “Оюутолгой” компани 2015 онд барагдуулсан билээ.

Харин 2013- 2015 оны үйл ажиллагаанд нь 155 сая ам.долларын торгууль тавьсан байна. Гэхдээ энэ бол олон улсын арбитрын шүүхийн хаалга татах гэж буй анхны тохиолдол биш бөгөөд Монгол Улсын Засгийн газар 20 гаруйхан жилийн дотор чамгүй зузаан хавтаст хэрэгтэй болчихоод байгаа юм. Turquoise Hill Resources-ийн дуудсанаар Лондоны арбитрын шүүхийн хаалга тогшвол энэ нь Монгол Улсын долоо дахь маргаан болохоор байна.

Монгол Улс зээлийн батлан даалт гаргасан, тусгай зөвшөөрөл булаан авсан, татварын маргааны улмаас олон улсын шүүхийн хаалга татаж байна. Энэ төрлийн маргаан нь багагүй цаг хугацааг хамарч, хэд хэдэн засгийн нүүр үздэг. Тухайлбал, монголчуудын хамгийн сайн мэдэх Канадын Khan Resources- ийн зарга гэхэд гурван ч Засгийн газартай холбогдоно. Дорнодын ураны ордод үйл ажиллагаа явуулж байсан тус компанийн тусгай зөвшөөрлийг 2009 оны долдугаар сарын 10-нд цуцлав.

Энэ үед Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байсан. 2009 оны аравдугаар сарын 29-нд С.Баярын оронд С.Батболд Ерөнхий сайд боллоо. “Хан Ресурс” Монголын Засгийн газарт ээлж дараалан бичиг сачиг илгээж байсан үе. Тэд “үе залгамжлан” гарч ирсэн Ерөнхий сайдад мөн л хандсан байна. Гэсэн ч тодорхой хариу авч чадалгүй байсаар арбитрын шүүхэд ханджээ.

Энэ шийдвэрийг гаргасан болон дараа нь орыг нь залгасан албан тушаалтнуудын хайхрамжгүй, хариуцлагагүй үйлдлээс үүдэн Монгол Улс удаа дараа олон улсын шүүхийн үүдийг татдаг. Энэ хэрээр Монголын нэр хүнд олон улсын тавцанд улалзаж сэвтдэг. Алс ирээдүй, эх орноо боддоггүй эрх мэдэлтний буруу шийдвэрийн хохирлыг татвар төлөгчдийн мөнгөнөөс хэд бол хэдэн сая, тэрбумаар нь төлсөөр байна.

Г. Байгал

Эх сурвалж: Засгийн Газрын Мэдээ Сонин