‘Сү’-гийн эсрэг сүржин гүтгэлэг үнэнд гүйцэгдэж ээ

663

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэл буюу ICIJ өнгөрсөн шөнө оффшор буюу татварын таатай бүсэд бүртгэлтэй компанитай холбоотой дэлхийн улс төр, урлаг соёл, бизнесийнхний талаар мэдээллийг гаргажээ. Уг мэдээлэлд Чехийн ерөнхий сайд Андрей Бабиш, Украйны Ерөнхийлөгч Зеленский тэргүүтэй улс төрчдөөс гадна дуучин Шакира, загвар өмсөгч Клаудиа Шиффер зэрэг олон тооны олны танил хүмүүсийн нэр оржээ. Энэ дунд Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын нэр орсон бөгөөд тэрээр хуульч, болон зөвлөхөөрөө дамжуулан ямар нэгэн хууль зөрчин компани эзэмшиж байгаагүй талаарх мэдээллээ өгсөнийг дурджээ. 

Уг мэдээллийг судлахад саяхан манайд баахан шуугиж, ам дамжин яригдсан гадаадын шүүхэд хүртэл очоод гэм буруугүй нь тогтоогдчихсон асуудлын талаар л мэдээлэл байх аж. Манай “нөгөө хэд” Сү чинь олон зуун компани байгуулсан байна гэж ирээд л дайраад байсан гадны шүүхүүд манайхаас улбаатай гүтгэлгийг нь хэрэгсэхгүй болгочихсон улиг болсон зүйл гэдгийг үнэн зөвөөр нь бичээд тавьж.

Манай зарим нэг хэвлэлүүдээс ялгаатай нь ICIJ-ийн зүгээс ч түүнийг улс төрд орохоосоо өмнө томоохон бизнесмэн болсон байсныг онцолж, аль 2006 онд түүний гэр бүлийн гишүүд Англи улсад сурч, амьдарч байхад орон сууц худалдан аваад хуулийн хүрээнд зарж борлуулсан гэдгийг нь нэмэлт хачиргүйгээр оруулсан байна. 

Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Сү.Батболдыг Оюу толгой төсөлтэй холбон буруутгаж, олон тооны компани хэдэн зуун сая долларын хөрөнгө нуусан хэмээн харлуулах ажиллагааг зохион байгуулалттайгаар явуулж байсан. Тухайн үед тэрээр ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй, гэр бүлийн хэрэгцээндээ Англи улсад орон сууц хууль ёсны дагуу худалдаж авч, дараа нь худалдсан, энэ нь түүнийг Ерөнхий сайд болохоос өмнө, Оюу толгойн гэрээ зурагдах байтугай яригдахаас өмнө болсон үйл явдал гэсэн тайлбар өгч байжээ. Мөн тэрээр 2017 онд батлагдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай буюу бидний ярьдагаар оффшорын хуулийг зөрчөөгүй, аль 2006 онд болсон үйл явдал гэдгийг гадаадын ч дотоодын ч хэвлэлүүдэд мэдэгдэж байсан. 

Ер нь 2000-аад оны үед монголын томоохон бизнесмэнүүдийн нэг болоод байсан Сү.Батболд Англи улсад орон сууц худалдан авсанаа нууж хаагаагүй бөгөөд тухайн үед монголчууд орж гардаг байсан гэдэг. Энэ мэтээр хилийн чанадад сурч, ажиллах хугацаандаа байр орон сууц худалдан авч, амьдарч байсан бүхнийг буруутгана гэвэл Сү.Батболдын эсрэг гүтгэлэг ямар утгагүй зүйл болох нь хэнд ч ойлгомжтой болно.

Зөвхөн нэг хүнийг харлуулахын тулд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулах замаар хэд хэдэн улсын шүүхэд ор үндэсгүй асуудал үүсгэсэн ч эцэстээ Сү.Батболд буруугүй нь тогтоогдож, хэргүүд нь хаагдсан. Гүтгэлэг нь гадны шүүх дээр унасан гэдгийг ч дээрх мэдээлэлд оруулсныг дахин онцольё. Бүр энэ гүтгэлгээ тараах гэж АНУ-ын лобби компанид зуу, зуун мянган доллар өгч, гадны хэвлэлээр Сү-г гөвүүлж, өөрийгөө магтуулж байсан нь ил болж, цаад америк компани нь үнэн учрыг мэдээд үтэр түргэн гэрээгээ цуцалсныг уншигчид мартаагүй байгаа билээ. Харин татвар төлөгчдийн мөнгийг улс дамнасан хар пиарт ашигласан эрхмүүд хариуцлага хүлээлгүй өнгөрсөн нь харамсалтай.

Ер нь юм бүхнийг Оюу толгойтой холбож, харлуулан тайлбарлахыг оролддог улс төрийн бүлэглэл манайд байдаг. Гэтэл тэр гэрээ нь 2009 онд гарын үсэг зурсан, энэ явдлаас аль өмнө болсон үйл явдлуудыг болон хэзээ хойно Ерөнхий сайд болсон Батболдтой заавал холбох гээд байдаг нь угаас утгагүй зүйл юм. Мөн энэ утгагүй зүйлээрээ шүүхэд иргэний маргаан үүсгэсэн, татвар төлөгчдийн мөнгийг улс төрийн бохир тоглоомондоо ашигласан “нууцлаг” хүмүүс нь гадаадын аль ч шүүхэд яригдаад байгаа зүйлээ нотолж чадаагүй нь энэ бүхэн гүжир гүтгэлэг байсныг нь хангалттай нотолж харуулсан.

Энэ мэт Сү-гийн эсрэг сүржин даржин гүтгэлэг нь цаашид хол явахаа больсныг өдөр ирэх тусам хэрсүүжсэн уншигч, улс төр сонирхогч бид мэдэхийн дээдээр мэддэг болсон.

Нийтлэлч Б.Батсүрэн