Харуулын даргаа хөнөөсөн байлдагчийн ЭЭЖ: Хүүг минь гавтай хорьж байна

244

Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Байлдагч Х, М нар харуулын манаанд явж ирээд, харуулын дарга Г-ийн цээжин тус газарт гурван удаа буудаж, амийг нь хөнөөсөн гэдэг. Буу, сумтай уул руу зугтсан хоёр байлдагчийг дөрөвдүгээр сарын 11-нд баривчилж, Говь-Алтай аймагт цагдан хориод байгаа.

Ховд аймгийн Чандмань сумаас цэргийн албанд татагдсан байлдагчийн аав, ээж Говь-Алтай аймагт очиж, хүүтэйгээ уулзжээ.

   Энэ талаар байлдагчийн ээжээс тодруулахад “Бид өчигдөр Говь-Алтай аймагт ирсэн. Хүүтэйгээ уулзах хүсэлт тавьж, өнөөдөр уулзлаа. Баасан гарагт дахин нэг уулзаад, нутаг буцна. Хүү минь уйлаад бидэнтэй юу ч ярьж чадаагүй. Намайг “Та биеэ бодоод, аавыг сайн харж байгаарай. Аав эрүүл байх хэрэгтэй шүү” л гэж хэллээ. Хүүг минь баривчилсан өдрөөс хойш одоог хүртэл төмөр гавтай байлгаж байгаа юм байна. Өдөр нуруунд нь, шөнө урд талд нь гавалж хонодог гэнэ. Миний хүү дөрөвдүгээр сарын 11-нд баривчлагдсан гэхээр 45 хоног гавтай хорьсон байна шүү дээ. Одоо ч гавыг нь тайлахгүй гэдгийг албаны хүн хэллээ. Хүүг минь гавтай байлгах тушаал дээрээс ирсэн гэнэ. Ямар тохиолдолд гавтай хорьдог талаар албаны хүнээс тодруулахад “Зөрчил гаргасан, амиа хорлох, бусдын амь насанд заналхийлсэн тохиолдол ийм байдалтай байдаг” гэж хэлсэн.

Хүүгээсээ аав нь амиа хорлох үйлдэл гаргасан эсэх талаар асуухад “Үгүй, аав аа” гээд уйлж байна лээ. Хэрэв миний хүү амиа хорлох байсан бол ууланд зэвсэглэсэн явахдаа егүүтгэх байсан байлгүй дээ. Хүүтэй минь хамт хоригдож байгаа байлдагч М-ийн гар нь идээлж, холгосон гэнэ. Бүх зүйл хууль дүрмийн дагуу явагдаж, ял шийтгэлээ эдлэх байх. Харин хүүгийн минь гарнаас гавыг нь салгаад өгөөч гэж л хүсэх байна. Миний хүү “Насан туршдаа гавтай байх юм байна” гэж бодож суугаа байх” гэв.