Одоогоос 12 жилийн тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд “Хүний хөгжлийн сан”, Тавантолгойн 1072 ширхэг хувьцаатай холбоотой ажил цааш үргэлжилсэн бол тэр үед Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаж хэрэгжиж эхлэх байлаа. 2012 онд Сү.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байсан үед Монгол Улсын эдийн засаг 17.5 хувьтай өсөж, дэлхийд гайхагдаж байв.Ингэж анх 2012 онд Сү.Батболдын Засгийн газар иргэн бүрт 1072 ширхэг хувьцааг олгох шийдвэрийг гаргаж, тухай үед иргэн бүр “Эх орны хишиг” 1.5 сая төгрөг, Тавантолгойн хувьцаа, ахмадын нэг сая төгрөг, оюутны сургалтын хоёр удаагийн төлбөр нэг сая төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн төлбөр, сар бүр хүүхдийн 21 мянган төгрөг зэрэг олон хэлбэрээр энэ ордын үр шимийг хүртэх эхлэл тавигдсан юм.
Тэгвэл өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан хуралдаж, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч иргэн бүрд 135 мянган төгрөг өнөөдөр олгохоор болж ээ.
Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авах асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны цэвэр ашгаасаа 1072 хувьцаа эзэмшиж буй иргэн бүрд 104.0 мянган төгрөг, 2023 оны цэвэр ашгаас 256.0 мянган төгрөгийн ногдол ашиг тус тус олгосон.”Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны хүлээгдэж буй цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тохиолдолд нэгж хувьцаанд ногдох дүн 350 төгрөг буюу 1072 хувьцаатай Монгол Улсын иргэнд 357.2 мянган төгрөг, албан татвар суутгасны дараах дүнгээр 337.7 мянган төгрөг хуваарилагдах урьдчилсан тооцоололтой байгаа юм байна.
Ийнхүү “муу нэрт” Сү.Батболдын Засгийн газрын эхлүүлсэн ажил өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед бодит ажил болж, Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр шимийг хүртэж байна.
Б.Эрдэнэ-Очир