Өнөөдөр МАН-ын 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд, уг өдрийг 2004 оноос хойш “Эх орончдын баярын өдөр” хэмээн нэрлэх болжээ. Уг өдрийн хүрээнд МАН, МАХН-ын удирдлагууд анх удаа хамтран Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлээд байна. Тухайлбал МАН-ын дарга У.Хүрэлсүх “Тусгаар тогтнол хөгжлийн зуун” сэдвээр илтгэл тавьж, 100 жилийн ойн илтгэлийнхээ нэг бүлгийг “Хуучин хүү шинэ хүү болсон нь” гэж нэрлэжээ. Тус нэрийг Монголын суут хүний нэг Дашдоржийн Нацагдоржийн яруу тод “Хуучин хүү” зохиолоос эш татсан байна.
“Хуучин хүү хөлд орохоос үс цайх хүртэл нэг голыг өгсөж уруудаж, нэг худгийг эргэж тойрч, нутагласаар энэ ертөнцийг эцэслэнэ. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр түмэн хэргээ хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ” хэмээснийг иш болгож, 100 жилийн өмнө хүн амын ердөө 2 хувь нь бичиг үсэгт тайлагдсан байсан бол 1956 он гэхэд 90 хувь бичиг үсэг мэддэг болсон хэмээн онцолсон юм. Мөн МАН-ынхан шинэ 100 жилийн түүхэндээ 10 томоохон зорилт тавьсныг илтгэлийнхээ үеэр онцлов.
Мөн МАН-ынхан шинэ 100 жилийн түүхэндээ 10 томоохон зорилт тавьсныг илтгэлийнхээ үеэр онцлов.
Тодруулбал,
1. Эрчим хүчээр эх орноо хангаж, экспортлогч болох
2. Монголдоо өөрсдөө түлш шатахуун үйлдвэрлэх
3. Монгол хүнсээр Монголоо бүрэн хангах, органик хүнс экспортлогч болох
4. Хүнд, хөнгөн үйлдвэрүүд барьж, алт, зэс, төмөр, нүүрс, арьс ширээ өөрсдөө боловсруулах
5. Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, хийн хоолойн дэд бүтцийг барьж, босоо хэвтээ тэнхлэгийг холбох
6. Хиймэл оюун ухаан, блокчэйн, робот, юмсын интернэт, их өгөгдлийн эрин үе Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын эхлүүлэн өрнүүлэх, цахим үндэстэн болох
7. Байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх
8. Бүс нутгийн санхүүгийн шинэ төв болох
9. Зөв тогтолцоотой метрополитан хотуудыг хөгжүүлэх, хот хөдөөгийн ялгаар арилгах
10. Экологийн тэнцвэрийг хадгалсан ногоон Монгол болох
10. “Алсын хараа 2050”-д зааснаар 30 жилийн дараа Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 75 тэрбум доллар, экспортыг 52 тэрбум доллар, нэг хүнд ноогдох ДНБ 15 мянган доллар хүргэх бүрэн боломж байна хэмээв.
Түүний илтгэлээс онцлох ишлэлүүдийг уншигч танд хүргэе.
-1970 онд дэлхийн хэмжээнд бичиг үсэг үл мэдэгч 34.2 хувь байсан бол Монголд 4, 5 хувь байж, дэлхийд тэргүүлэгчдийн түвшинд хүрсэн байдаг
-Өнгөрсөн зууны дунд үед Монголд соёлын их тэсрэлт болсон. Бичих туурвих, бүтээх хэрэг хатуу хяналттай байсан цагт агуу бүтээлүүд төрсөн байхад эрх чөлөөтэй энэ үед гайхамшигт бүтээл төрөхгүй байна.
-Монгол орон 1921 онд 100 жилийн өмнө жилдээ 2 сая лан мөнгөний орлоготой, 5 сая малтай байлаа. Өнөөдөр 70 сая толгой малтай. Нэг хүнд ноогдох малын тоогоор дэлхийд тэргүүлж байна. Харин одоо эрчимжсэн мал аж ахуй болгох, чанарыг сайжруулах өөр зорилт тулгарч байна.
-100 жилийн өмнө 19 чиглэлийн шороон замтай, 10 модон гүүртэй улс байсан гэсэн. Өнөөдөр 21 аймаг, 103 сум 5 хилийн боомт засмал замтай болжээ. 2000-аад оны эхээр “Мянганы зам” барина гэхэд “Мянгуужингийн үлгэр” гэцгээж байсан. Өнөөдөр Мянганы зам нь 21 аймгийг, 103 сумтай холбочихоод л байгаа. 1950 км төмөр замыг монголчууд өөрсдөө барьж, ирэх онд ашиглалтад оруулах гэж байгаа.
-МАН-аас угшилтай МАХН эх намдаа эргэн ирж, элэг бүтэн, зорилго нэг, их үйлсийн төлөө хамтран зүтгэх нь зүйтэй гэсэн хоёр намын гишүүд, дэмжигчдийн идэвхтэй санал санаачилга гарч байгаа талархан дэмжинэ.
-Ус шиг сүлэлдэн нэгдэж, улс орныхоо төлөө хамтран зүтгэх нь Монгол Улсын эрх ашигт бүрнээ нийцнэ
-МАН ирээдүйн 100 жилийн бодлого нь чинээлэг дундаж давхаргыг бий болгоход чиглэнэ.
-Шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий. Хуульчдын дундаас ёс зүйтэй, шударга шүүгчдийг хэн нэгнээс хараат бусаар шилж сонгон томилж, мэргэжлийн, ёс зүйн алдаа гаргасан шүүгчдэд хариуцлага тооцох боломжтой болсон.
-Сүүлийн хэдэн жил алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авах тэмцэл хийлээ. Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет, Багануур, Бор-Өндөрийн уурхай, Асгат, Салхит, Тост, Тосон бумбын орд, Гутайн даваа, Хармагтай орд, Ноён уулыг эргүүлэн авлаа. Дубайн гэрээг цуцалж, Оюутолгойгойн гэрээг сайжруулах боломж бүрдлээ
-Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр. Үүнээс л шударга ёс эхлэх учиртай.
-Улс төрд шинэ үеийн, хоёр дахь шинэ зууны түүх эхэллээ.
-Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, сайн засаглалыг төлөвшүүлэх нь Монгол Ардын Намын үндсэн зорилтын нэг мөн.
-МАН өнгөрсөн зуунд тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг удирдан зохион байгуулсан. Одоо шинэ зуунд улс орныхоо эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах их үйлсийг манлайлна
-МАН-ын бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байж ирсэн, цаашид ч байх болно.
-Ардын намын түүх бол ард түмний түүх юм. Ардын нам бол ардаараа овоглосон ард түмний нам мөн.
-МАН шинэ зуундаа ард түмэнтэйгээ хамтдаа урагшилсан ДЭВШИЛТЭТ улс төрийн хүчин байх болно.
-Намын шинэчлэл бол нийгмийн шинэчлэл мөн.
-Түүх түүхээрээ үлдэнэ, харин бид нэг үгтэй, нэг нүүртэй байж зөвхөн үнэнийг ярьж, бичдэг байх ёстой.