Д.Цогтбаатар: ‘Цээжээ дэлдэж баярхах’ явдал хөршүүдийн дургүйг хүргэсэн

2951

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Тавантолгойг урд хөрштэй хамтран хөдөлгөхөөр зэхэж буй гол сэдвээс яриагаа эхэлье. Энэ асуудал УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар яригдсан. Тухайн үед та ямар байр суурь илэрхийлсэн бэ?

-Манай намын бүлэг дээр нэг гишүүн өөрийн тойргийн асуудлын хүрээнд энэ талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Энэ асуудлаар Ерөнхий сайд мэдээлэл, тайлбар өгсөн. Түүнээс яг тусгайлан энэ асуудлыг хэлэлцээгүй. Монголын хамгийн томоохон ордын тухай яригдаж байгаа болохоор Засгийн газар энэ төслийн талаар явуулж буй яриа хэлэлцээ олны анхаарлыг татах нь зүйн хэрэг. Монголын иргэн бүр уг төслийг манай үндэсний эрх ашигт бүрэн нийцсэн байдалтайгаар хэрэгжээсэй гэж бодож байгаа. Төслийн өгөөж Монгол Улсын хөгжилд дорвитой түлхэц өгсөн, иргэдийн амьжиргааг дээшлүүлсэн, Монголд хамгийн ашигтай хувилбараар тооцогдсон байх ёстой. Түүнээс ордыг амарчлаад хэдэн төгрөгөөр зарж борлуулах гэсэн зүйл байж болохгүй. Ингээгүй гэдгийг ч Ерөнхий сайд албан ёсоор мэдээлсэн.

-Засгийн газар Тавантолгой төсөлд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийг оролцуулахгүй байх тал дээр нэгдсэн байр сууринд хүрсэн гэж ойлгогдож байгаа. Төрийн оролцоог ямар статусаар хангах нь зүйтэй вэ?

-Ийм зүйл бүлэг дээр яригдаагүй. Ер нь лиценз нь “Эрдэнэс Тавантолгой” дээр байхад энэ компанийг тойрч хийх боломж байхгүй л болов уу.  Тэгээд ч төрийн өмчит энэ компанийг  яг энэ төслийг хэрэгжүүлэх гэж л байгуулсан биз дээ. Тиймээс энэ компани төрийн оролцоог уг төслийн хүрээнд төлөөлж таарна л гэж ойлгож байна.

Бүлгийн хуралдаан дээр нэр бүхий гишүүд “Энержи Ресурс” компанийг Тавантолгой төсөлд оролцох ёсгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Нөгөө талд Засгийн газар уг төсөлд оролцуулна гэсэн утга бүхий баталгаа хийж, тус компанийн зээлийн хугацааг сунгахад нөлөөлсөн талаар гадны хэвлэлүүд онцолж байна. Эрх баригч нам Тавантолгой төсөлд “Энержи Ресурс” компанийг оролцуулах эсэх асуудлаар дотооддоо ойлголцохгүйгээс үүдэн цаг алдана гэсэн таамагт та ямар хариулт өгөх вэ?

-Ерөнхий сайдын хийсэн тайлбар, мэдээлэлд энэ компанийн талаар дурдаагүй. Ер нь Тавантолгойн төслийн асуудлаар Засгийн газар яриа хэлэлцээгээ өмнөд хөрштэй хийж байгаа. Энэ яриа хэлэлцээнийхээ талаархи мэдээллийг бүлэг дээр ил тод танилцуулж, УИХ-аар хэлэлцүүлнэ гэсэн. Мэдээж айлын талтай яриа хэлэлцээ явагдаж байхад өөрийн баримталж буй байр сууриа хамаагүй дэлгэхгүй гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ явцын талаархи гол гол мэдээллүүдээ олон нийтэд Ерөнхий сайд өгч байгааг харж байна.


-АНХ СОНГОГДСОН ГИШҮҮН АЛБАН ТУШААЛ ХӨӨЦӨЛДӨӨД ЯВАХ НЬ ЗҮЙ БУС-

Нэг нам парламентад хэт олонхи болчихоор УИХ-ын гишүүний кноп үнэгүйдэж, гишүүд дуртай цагтаа хуралдаа суудаг байдал ажиглагдах болсон. Эрх баригч нам дотор намрын чуулган эхэлснээс хойш хуралдаа 2-3 удаа ирсэн гишүүн ч байна. Та ирцийн асуудалд ямар хариулт өгөх вэ?

-Кноп “үнэгүйдэж” байна гэдэгтэй санал нийлэхгүй. Харин ч ирц асуудалтай байсныг бүлгийн удирдлага цэгцэлсэн. УИХ-ын ажилдаа оролцоно гэж гишүүд маань сонгогдсон шүү дээ. Тэгэхээр УИХ-ын ажил чинь ирц дээрээ тулгуурлаж, гишүүдийнхээ оролцоон дээр тулгуурлаж л урагшилдаг. Гишүүдийн хүлээсэн гол хариуцлага бол хууль тогтоох өдөр тутмын ажилдаа идэвхитэй, хариуцлагатай оролцох явдал. Тиймээс үүнийгээ ухамсарлаж, хуралдаа идэвхитэй оролцох ёстой. Харин үүнийгээ үл тоогоод хуралдаа оролцохгүй бол тухайн хүний хувьд санал нь үнэгүй л болно. Өөрөөр хэлбэл “кнопыг” чинь хэн нэгэн үнэгүй болгоод байгаа юм биш, гишүүн өөрөө л үнэгүй болгох эрсдэл бий болгож байна гэсэн үг.

-Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдах үед таны нэр сайдаар томилогдох өндөр магадлалтай хүмүүсийн тоонд байсан ч та томилгоонд оролцоогүй. Үүнд хувь хүний зарчмын байр суурь нөлөөлсөн үү?

-Тийм гэж болно. Бид сонгуульд орохдоо давхар дээлийг үндсэн чиг үүргийн яамдаар хязгаарлана гэсэн. Сонгууль дууссан эхний өдрөөсөө л хариуцлагатай нам бол амалсан амлалтаа биелүүлж эхлэх ёстой. УИХ-ын гишүүдэд олгогдох кабинетын суудал цөөхөн. Гэтэл сонгогдсон гишүүд олон болохоор нөхцөл байдал мэдээж амаргүй байсан. Нөхцөл байдал ийм байхад анх сонгогдсон гишүүн албан тушаал хөөцөлдөөд явахыг би зүй бус гэж үзсэн. Тиймээс тангаргаа өргөөд л би албан тушаалын яриа өрнүүлж, дарга нарын хаалга сахихаас илүүтэйгээр тойрогтоо очиж иргэдэд тулгамдаж буй асуудлуудаас бага ч гэсэн нимгэлэхийн төлөө ажил үйлсээ эхлэхийг илүүд үзсэн. Ингээд тангаргаа өргөмөгцөө л би өөрийн тойргийн нэгдүгээр хороонд ажиллаж, тухайн үед гараад байсан газрын маргааны асуудлыг дүүрэг, хорооны удирдлага, иргэдтэй ярьж шийдвэрлэсэн. Ер нь УИХ-ын гишүүн гэдэг бол хангалттай том албан тушаал шүү дээ. Тэгэхэд үүн дээр нэмж өөр нэг том сэнтий хүртэж баймаажин л төрийн түшээгийн үүргээ биелүүлнэ гээд байх шаардлага байхгүй. Тиймээс би намын бусад нөхөддөө ч “Би, би, би. Би л биш бол өөр хэн ч чадахгүй” гэсэн хандлагаа татахыг уриалсан. Яг л чадна гэсэн өндөр мэргэжлийн хүнийг ажил, албан тушаал дээр тавихыг чухалчилж үзсэн хэрэг л дээ.

Засгийн газрын танхимд багтаж явсан хүний туршлагаас харахад мэргэжлийн Засгийн газрын ажилд та ямар үнэлгээ өгөх вэ?

-Чадахараа хурдан ажиллах гээд хичээцгээж байгааг нь харж байна. Гэхдээ зарим асуудал дээр үр дүн багатай байх шиг байна. Одоохондоо  шүүмжлэхээсээ илүү ажлыг нь дэмжээд ташуурдаад өгөхийг чухалчилна. Харин энэ засаг суурь өөрчлөлт, шинэчлэлийг ялангуяа, төрийн тогтолцоог цомхотгох, зайлшгүй оролцох томоохон цөөн төслүүдээс бусад бизнес, арилжааны үйл ажиллагаанд хэтэрхий өргөн оролцдог явдлыг хумих бодлого баримталж, дорвитой, зоригтой зүтгүүлэн хэрэгжүүлээсэй. Эдийн засгийн хүндрэлийг зөвөөр ашиглах боломж болгож, суурь өөрчлөлтийн бодлого хэрэгжүүлж чадвал амжилт. Ийм бодлогыг би “Шинэ 90-ээд оны бодлого” гэж нэрлээд байгаа юм. Энэ чиглэлээр илүү сайн ажиллаасай. Мөн зээлийн олон хувилбарыг горьдолгүй “Стэнд бай” хөтөлбөрт хурдан хамрагдах нь чухал. Олон улсын валютын сангийнхныг ирэхийг хүлээлгүй, өөрсдөө төлөөлөгчид ар араас нь илгээж, идэвхитэй ажиллах хэрэгтэй байгаа юм. Ингэхгүй бол өгөх гэж байгаа тэд нэг их яарахгүй л болов уу. Харин авах гэж байгаа бид яарах ёстой. Тэгээд ч зээлийн эхний төлбөрийн цаг хугацаа тулчихаад байгааг бодолцох хэрэгтэй.  УИХ дахь гишүүдийнхээ нөөц бололцоог шаардлагатай бол дайчлан ашиглаж, яриа хэлэлцээг дэмжих ажлын хэсгийг хүртэл байгуулж, уулзалтад илгээх шаардлага байгааг  үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, нөгөө талдаа бид нөхцөл байдлыг маш ул суурьтай авч үзэж буйг энэ “дохио зангаагаар” ойлгуулж болно. Ер нь УИХ дахь нэмэлт нөөц бололцоогоо, дэмжчих юмсан гэсэн хүсэл эрмэлзлийг засаг ашиглаасай л гэж хааяа бодох юм. 

-“ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭЖ БАЯРХАХ” ЯВДАЛ ХӨРШҮҮДИЙН ДУРГҮЙГ ХҮРГЭСЭН-

-Та мэргэжлийн дипломатч хүн. Сүүлийн үед манай улс гадаад бодлогын хувьд нэг л эвээ олохгүй, хэт улс төржүүлсэн байдал харагдаад байна. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Манай гадаад бодлого чамгүй үр дүнтэй явж ирсэн. Харин эдийн засгийн огцом өсөлтийн ард элбэгшсэн “цээжээ дэлдэж, баярхах” явдал бүх хөршийн дургүйцлийг хүргэсэн бололтой юм. Энэ нөхцөл байдлыг засч, гадаад орчноо сайжруулахгүй юм бол нөгөө том зээлийг гаднаас авчраад ч тусыг олохгүй шүү дээ. Бид тэрхүү зээлээр үйлдвэрлэлээ өргөтгөж, экспортоо нэмэгдүүлж, төлбөрийн тэнцэлээ сайжруулж, гадаад валютын нөөцөө л сэргээх гэж байгаа. Гэтэл гадаад орчин сөрөг байвал энэ нь манай бүтээгдэхүүний гадны зах зээлд нэвтрэх нөхцөлийг хүндрүүлэх эрсдэлтэй. Өнөөдрийн байдлаар улс төрийн таагүй орчин экспортын нөхцөлд сөргөөр нөлөөлчихөөд байгаа. Ингээд экспорт нэмэгдэхгүй юм бол яригдаад буй томоохон зээлүүд манайд шингэх боломж хүндэрнэ.

-Ер нь бид урд хөршөөс хэт их хэмжээний зээл авахаар ярьж буй нь зөв үү. Эдийн засгийг өөр ямар аргаар тэлж, өрийн асуудлаас гарах ёстой юм бол?

-Уг нь зээл өгч байвал, зээлийг аваад ашиглах бодитой төсөл, хөтөлбөр байвал болохгүй зүйлгүй. Тэр зээл зөв төсөлд орсноор шинэ баялаг бүтээгээд, түүнээсээ буцаагаад төлөгдчихвөл зээлийн харьцаа дуусгавар болчихно. Зээлийг нь төлөөд дуусчихаад байхад түүгээрээ “далайлгаад” байх боломжгүй. Харин тийм тооцоотой төсөл байхгүй тохиолдолд мэдээж аюул дагуулна. Ер нь өнөөдрийн тооцоотой ертөнцөд тийм төсөл байхгүй бол ямар ч түнш зээл өгөхгүй л дээ. Учир нь түүнийгээ авах гэж өгснөөсөө эсэн юм болно гэдгийг нөгөө түнш чинь биднээс дутуугүй ойлгоно. Их ойрын жишээ бол Орос, Украины газын зээлийн асуудал. Зээлээр өгсөн газынхаа мөнгийг авах гэсэн биш өгсөн орон нь олон улсын өчнөөн асуудалд орж байх жишээтэй.

-Шинэ парламентын баталж буй хуулийн төслүүдийг та хэрхэн дүгнэж байна. Эдийн засаг хүндрэлтэй байхад төсөв баталсан хойно төсөвт хүндрэл учруулсан хуулийн төслүүдийг гишүүд оруулж ирлээ гэх шүүмжлэл гарч байна?

-Эдийн засаг хүндрэлтэй байгаа болохоор бүх л зүйл цагийн шахалтад орсон шинжтэй байна. Иймээс зарим төслүүд гүйцэд боловсрогдоогүй маягтай орж ирж байсан нь бий. Одоо  хууль өргөн барих хууль зохицуулалт нэгдүгээр сарын 1-нээс чангарч, чамбайрсан тул ийм дутагдал гарах нь багасах байх гэсэн хүлээлт байна.


-НАДАД ОФФШОР ДАНС БАЙХГҮЙ-

-Та төрийн өндөр албан тушаалтан оффшор бүсэд данс эзэмшихийг хориглох агуулга бүхий хуулийн төслийн талаар юу хэлэх вэ?

-Энэ хуулийг дэмжиж байгаа. Нэг гаргаж байгаа юм чинь аливаа хийдэл цоорхойгүй хуулийг тал талаас нь сайтар хэлэлцэж гаргах ёстой. Тиймээс энэ асуудлаар хуулийн төсөл боловсруулахдаа тодорхой байр сууриа илэрхийлж байгаа бүх гишүүнийг ажлын хэсэгтээ оруулах ёстой. Тодорхой нэр бүхий гишүүд бодууштай зүйлсийг анхааруулаад буйг харгалзах л хэрэгтэй. Би ажлын хэсэгт ороогүй. Намайг орсон гэсэн ойлголттой явсан гишүүнд уг хуулийн төслийн боловсруулалтын аль ч шатанд ороогүй гэдгийг албан ёсоор тайлбарлахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хүссэн. Гадаад харилцааны чиглэлийн хүн болохоор намайг уг хуулийг боловсруулах ажлын хэсэгт орохыг Хууль зүйн байнгын хорооноос санал болгож байсан удаатай. Би өөр гурван хуулийн ажлын хэсэгт орчихсон, нэг ажлынх нь хэсгийг даргалж байсан учраас уг хуулийн ажлын хэсэгт орох боломж байгаагүй. Би хууль боловсруулах явцад оролцоогүй төдийгүй шүүмжлэл дэвшүүлээд байгаа хүмүүсийг ажлын хэсэгт оруулах санал хүртэл тавьсан хүн.

Сонгуулийн өмнө таныг оффшор данстай холбож, та тайлбар хийж байсан санагдана?

-Би их тодорхой тайлбар хийсэн. Надад оффшор данс байхгүй. Та Америкийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сайт руу ороод шалгаад үзээрэй. Тэнд миний нэр байхгүйг та  бүхэн өөрсдөө харна биз. Би 2003 онд австрали, америк, англи найзуудтайгаа хамтарсан компани Монголд байгуулан хувьцаа эзэмшиж, гадаадын хөрөнгийг Монголд оруулж ирсэн. Гадны хувьцаа эзэмшигчид маань хөрөнгөө татварын чөлөөт бүс дэх компаниасаа оруулсан. Монгол руу л хөрөнгө оруулж байвал гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө хаанаас оруулахыг би шийдэхгүй шүү дээ. Ямартай ч “Монгол чинь ирээдүйтэй сайхан орон шүү, Монгол руу хөрөнгө оруулалт хийгээч” гэж Монголоо сурталчилж, таниулж байж Монгол руугаа хөрөнгө татсан. Тэгээгүй бол өөр оронд хөрөнгө оруулах байсан биз. Тодруулж хэлбэл, Монголд орж ирэхээргүй байсан хөрөнгө оруулалтыг Монгол руугаа татаж оруулсан. Монголд байгуулагдаж эндээ үйл ажиллагаагаа эрхэлж, 20 гаруй монгол хүнийг 2003 онд ажилтай, орлоготой болгож, нийгмийн даатгал, татвараа төлсөн.

-Та тус компанийнхаа хувийг эзэмшдэггүй гэсэн үг үү?

-Энэ компанийн төв байр Энхтайваны гүүрний баруун хойд хэсэгт байрладаг. Би тус компаниас 2005 онд буюу одоогоос 11 жилийн өмнө гарчихсан. Монголд хамтарсан компани байгуулах нь хууль бус зүйл биш. Ийм маягаар Монгол руу хөрөнгө оруулалтаа татсан, Монголд бүртгэлтэй компани манайд нэг биш, хоёр биш, хэдэн зуугаараа бий. Эдгээр компанийн бүх зүйл ил тод. Чөлөөт бүсэд бүртгэгдсэн толгой компаниуд нь тухайн үеийн Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагт хаяг байршилтайгаа бүртгэлтэй байдаг юм. Өөрөөр хэлбэл “Манай толгой компани тэнд байгаа” гэдгээ Монголын төрд ил тодоор мэдээлж,  бүртгүүлж, зөвшөөрөл авсны үндсэн дээр гэрчилгээгээ авна. Гэрчилгээн дээр нь бүх зүйлс нь бичээстэй. Бусдаас нуусан ил далд зүйл огт байхгүй. Гадаадад хувьцаагаа гаргасан “Оюу Толгой”, “Харанга ресорсес”, “Хүннү коул”, “Вулф петролиум” зэрэг Монголын бүх компаниий толгой компани татварын ийм чөлөөт бүсэд бүртгэлтэй байдаг. Иймээс гаднаас Монгол руу хөрөнгө татсан компаниудыг муу гэхгүй байлгүй дээ. Дахин хэлэхэд эдгээр чинь Монголын төрийн зөвшөөрөл гэрчилгээтэй үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн байгууллагууд.

-Эдийн засгийн хүндрэлээс биднийг юу аврах вэ? 

-Юу юуны түрүүнд гадаадын хөрөнгө оруулалт л чухал. Биднийг одоо ингээд яриад сууж байхад дэлхийн аль нэг өнцөгт манай аль нэг дипломатч Монгол руу хөрөнгө оруулалт татах гээд, Монголоо сурталчлаад сууж байгааг үгүйсгэхгүй. Учир нь гадаад харилцааны ажилтнуудын ажлын үр дүнг дүгнэх гол үзүүлэлтүүдийн нэг “Та Монгол руу хэр их гадаадын хөрөнгө оруулалт татсан бэ” гэдэг шалгуур байдаг. Гэтэл түүнд олдох хөрөнгө оруулагчийн хөрөнгөө татварын чөлөөт бүсээс оруулах магадлал бараг 70 хувь. Тэр хөрөнгө нь орж ирж л байвал хаанаас ирэх нь одоо ч хамаагүй байгаа. Иймээс Монгол руу хөрөнгө татан оруулж буй хувьцаатай холбоотой энэ асуудал бол огт өөр асуудал юм. 2016 онд хөрөнгө оруулалт татах маш хүнд байна гэцгээж байсан. Тэгвэл 2003 онд манай эдийн засаг чинь өнөөгийнхөөс 10 гаруй дахин бага, Монгол Улс хөрөнгө оруулагчдын дунд танигдаагүй байсан үе. Энэ утгаараа хөрөнгө оруулагчийг олж, итгүүлэн хөрөнгийг нь Монгол руугаа оруулна гэдэг чинь өнөөгийнхөөс хамаагүй хүнд байсан үе л дээ. Би төрөөс ямар нэгэн тендер, концесс, гэрээ, зээл хэзээ ч авч байгаагүй. Төр, төсөвтэй  холбогдсон аливаа аж ахуйн нэгж, тэдгээрийн үйл ажиллагаанаас холуур явж ирсэн. Харин би гадны технологи, “ноу-хау”, хөрөнгийг Монголдоо оруулаад ирэх юмсан л гэж зүтгэж явсан.