Албан паспортын үнэгүйдэл

4784

…Дипломат ногоон паспорт гаргуулна. Албаны ногоон паспорт найдвартай гаргаж өгч чадах хүн холбоо барина уу гэсэн зар сурталчилгааны сонин болон цахим сайтуудад мэр сэр харагддаг. Гэхдээ анзаарахад гаргуулах хүсэлтэй хүмүүс ийн зараа бичсэнээс биш гаргаж өгнө гэх зарлалыг хайгаад олсонгүй. Учир мэдэх хүмүүс “Танилын хүрээнд нууцаар хийдэг наймаа тул ил тод явагдахгүй. Гэхдээ ногоон паспортын наймаа сүлжээ болж, цэцэглэсэн хэмээн ярих аж.

Солонгос улс руу албан паспорт ашиглан нэвтрэхийг оролдсон 30 тохиолдол гарчээ

Энэ талаар ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Манайд албан паспорттай холбоотой хэрэг, зөрчил огт бүртгэгдээгүй. Магадгүй улсын бүртгэлийн газарт хамаардаг байх. Тэндээс асуух нь зөв болов уу” гэлээ. Улсын бүртгэлийнхэн зөвхөн энгийн паспортын захиалга авч, хэвлэдэг учир мөн л мэдээлэл авах боломжгүй.

Эцэст нь албан тушаалтантай холбоотой хэрэг учраас тагнуулынхан хариуцах ёстой гэв. Харамсалтай нь, хэвлэлийнхэнд тэр бүр нээлттэй байдаггүй энэ газраас хүссэн мэдээллээ олж авах нь өвсөн дотроос зүү эрэхтэй адил учир ингээд орхиход хүрлээ. Төрийн байгууллагын уялдаа холбоогүй байдал эндээс харагдаж байгаа биз. Гэхдээ энэ миний гаргах гэсэн гол санаа биш учир үүнийг ингээд орхиё.

Гадаад харилцааны яамны статистик мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 2016 онд дипломат паспорттай 500 орчим, албан буюу ногоон паспорттай 1699 иргэн байна. Дипломат паспортын үйл ажиллагааг зохицуулахаар 2013 онд Засгийн газрын 320 дугаар тогтоол гарсан байдаг аж. Энэ хүрээнд Монгол Улсын дипломат болон албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалах журмын 5.1- д зааснаар дипломат паспортыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд зэрэг өндөр дээд түвшний албаны хүмүүс эзэмшинэ.

Харин журмын 52 дугаар зүйлд зааснаар албан паспортыг шаардлага хангасан төрийн албан хаагч болон гадаадад болон ЭСЯ-нд ажиллаж байгаа дипломат ажилтнууд эзэмших эрхтэй. Эдгээрээс өөр бусад этгээдэд олгох эрх зүйн зохицуулалт байдаггүй юм байна. Тиймээс энгийн иргэн битгий хэл олон улсын байгууллагын ажилтан хүртэл үүнийг эзэмших, авах эрхгүй гэсэн үг. Гэтэл сүүлийн үед ногоон паспортыг энгийн иргэд эзэмшиж, зүй бусаар ашиглаж байгаа тохиолдол цөөнгүй илэрч байна. Тэд хуурамч материал бүрдүүлэх замаар энэ паспортыг олж авдаг гэдгийг албаны эх сурвалж ярьж байна. Чухам цааш нь хэд болгон дамлаж зардагийг хэн мэдэх билээ.

Албан буюу ногоон паспорттай 1699 иргэн байна

Нөгөөтэйгүүр, төрийн албан хаагчид паспортыг албаны бус, амины зорилгоор ашиглаж байгаа нь тун харамсмаар. Дээрээс нь ногоон паспорт эзэмших эрх нь дуусгавар болсон албан хаагчид паспортоо хураалгахгүй, хувьдаа хадгалж, гаднын улс оронд аялж зугаалдаг гэсэн мэдээлэл ч гарч байна. Ингэж яваад өөр улсын хил дээр баригдаж, шившиг болсон жишээ ч чих дэлслээ.

Тухайлбал, Солонгос улсад албан паспортоор зорчиж явсан манай улсын иргэнээс хилийн шалган нэвтрүүлэгч асууж гэнэ. “Ямар төрийн байгууллагын хэн гэдэг хүнтэй уулзах вэ” гэж. Мэдээж хэрэг манай хүн хувийн зорилгоор явсан учир уг асуултад бүдэрч, хариулж чадахгүй нутаг буцсан тохиолдол гарчээ. Үүнийг бататгах мэт нэгэн тоо баримт энд байна. БНСУ-д зөвхөн өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улсын 30 гаруй иргэн албан паспортыг зориулалтын бусаар ашиглаж, хил дээрээс нутаг буцжээ. Түүнчлэн хуурамчаар материал бүрдүүлж паспорт авсан хоёр ч иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, хуулийн байгууллага шалгаж байгаа аж.

  •  Хуурамчаар материал бүрдүүлж паспорт авсан хоёр ч иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ.
  •  Албан паспорттай иргэд гадаадын 23 орны визнээс чөлөөлөгддөг.
  •  Хүчингүй болсон паспортыг дахин ашиглах ямар ч боломжгүй.

Тиймээс хэн нэг этгээд ямар нэг хэлбэрээр албан паспорт гаргаж байгаа зарлал нь хууль бус төдийгүй залиланд тооцогддог юм. Тэрчлэн Монгол Улсын паспорт нь төрийн өмч учир төрийн өмчийг хууль журам зөрчин авснаар эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй. Манайхан визний материал бүрдүүлэлтийн талаар төдийлэн сайн ойлголтгүй. Тиймдээ ч зарим зальтай хүмүүсийн үгэнд итгэж, байр, машинаа зарж, паспорт гаргуулах нь цөөнгүй байдаг. Гэхдээ эргээд энэ үйлдэл танд том гарз, хор хохирол амсуулна гэдгийг анхаарах хэрэгтэй. Ийм төрлийн гэмт хэргийн хуулиар хүлээх шийтгэл нь ч амар биш.

Нөгөөтэйгүүр, Монгол Улсын нэрийн хуудас болсон албан паспортны үнэ цэнэ хэрхэн алдагдаж байгааг харж болохоор. Энэхүү паспорт нь биднийг гаднын улс оронд хамгийн түрүүнд төлөөлөх бичиг баримт. Цаашлаад үүнийг хэрхэн ашиглаж байгаа нь манай орны дипломат харилцаа, соёлыг ч хэмжиж буй. Тиймээс хүн бүр дипломат ч бай биеийн байцаалт болж буй ногоон паспортод хүндэтгэлтэй хандаж, хуулиа мөрдөх иргэний үүргээ биелүүлэх үүрэгтэй билээ.

Б.Бямбасүрэн