Доорх төсөөллийг энэ 1 дүгээр сарын 17-нд бичсэн хэдий ч зарим үг үсгийн чанартай засварыг хийж, сайжруулах ажил хийх гэсээр байтал хугацаа алдаж өдийг хүргэв. Гэтэл энд дурдсан олон зүйлс бодит болоод эхэлсэн байна. Мексикийн ханыг арай ч босохгүй болов уу, харин оронд нь биет бус тарифын “хана” босно гэж тооцолж байтал бүр бодит хана босохоор болж байх жишээтэй. Иймд ямартай ч өөрийн бодлыг хуваалцъя хэмээн шийдэж ийнхүү “постолж” байна.
Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Гэхдээ бүр их огцом бөгөөд хурдацтай өөрчлөгдөж байна. 2017 он ба түүнээс цаашхи ойрын ирээдүйд дэлхий дахинаа мэдрэгдэхүйц үр дагавартай ямар өөрчлөлтүүд биднийг хүлээж буй бол гэдэг асуудлаар өөрийн таамаглалыг дэвшүүлж байна. Үүнд:
1. Болвол дэлхийг бүхэлд нь ардчилах гэсэн идеалист тэмүүлэл, түүнийг дагасан тодорхой бодлого, үйл ажиллагаа илт суларна. Дэлхийг ардчилсан орнуудын нийгэмлэг болгон намжимал байдлыг тогтоох үзэл нэгэнтээ ард хоцорч, хуучран орхигдсон мэт санагдаж байсан “энх тайвнаар” зэрэгцэн орших бодлого руу шилжинэ. Өөрөөр хэлвэл бусдад заналхийлэхгүй л бол, улс төрийн өөрийн дотоод тогтолцоог хяналтандаа тогтвортой л байлгаж буй бол авторитар удирдагчид олон улсын шүүмжлэлээс ангид “тайван” байх боломж бүрдэнэ. Тиймээс ардчилал хэмээх ойлголт дэлхийн бодлогын нэгдүгээр эгнээний байр сууриа аюулгүй тогтвортой байдалд тавьж өгнө. Иймд Башар Ал-Асад болон бусад авторитари гэх тодотголтой удирдагчидтай жижиг, дунд улс орнууд тогтвортой байх гадаад нөхцөл орчин нь бүрдэж байгаа нь тэр.
2. Ардчилал руу тэмүүлэх идеалист хандлага илүү прагматик тал руугаа хэвийж, аюулгүй, тогтвортой байдалд дэлхий ертөнц илүү ач холбогдол өгөх боллоо ч бүс нутгийн чанартай “жижиг” мөргөлдөөн, дайн зогсохгүй.
3. Даяаршил бидний мэдэх хурдацаа алдаж, дангаарших үйл явц бэхжинэ. Дэлхийн улс орнууд хямралаас хамтдаа биш, дангаараа бие биеэ даан гарах “аминчхан” бодлого руу шилжинэ. Улс орнууд бие биенийгээ харилцан тулах тулгуур биш, харин тээр хэмээн үзэж, дотоод бодлого руугаа илүү анхаарч зожигрох чиглэл рүү үйл ажиллагаа нь хандана. Үүний эхний “хохирогчид” нь Номхон далайн худалдааны түншлэлийн гэрээ, Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээ (НАФТА), Европын холбоо зэрэг байх болно.
4. Дэлхийн түвшинд гадаадын шууд хөрөнгө оруулалт буурна. Энэ бол дээрх худалдааны тусгаарлах бодлогын шууд үр дагавар байх болно. Тухайлбал, томоохон улс орнууд өөрийн компаниудыг зөвхөн өөрийн улс оронд л хөрөнгө оруулалт хийхийг шахна. Аж үйлдвэржсэн томоохон орнуудад өөрийнх нь компаниуд хөрөнгө оруулалтаа хийгээд эхлэхэд үйлдвэрлэлийн зардал өснө (жишээлбэл, газрын түрээс, татварын хэмжээ, цахилгаан эрчим хүчний үнэ, цалин гэх зэрэг үйлдвэрлэлийн хүчин зүйлүүд хөгжиж буй орнуудынхаас дунджаар өндөр байдаг тул). Үүнийгээ дагаад үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүн – бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүрнэ. Ийнхүү өссөн үнэтэй өндөр хөгжилтэй орны “дотоодын” бүтээгдэхүүн хөгжиж буй орноос орж ирэх ижил төрлийн бүтээгдэхүүнтэй үнийн хувьд өрсөлдөхөд хэцүү болно. Иймээс гадаадын бүтээгдэхүүний импортод төрөл бүрийн тарифын болон тарифын бус саад тотгорыг тавьж эхэлнэ. Эдгээр саад тотгорыг тавиад эхэлмэгц хөгжингүй орнуудын шууд хөрөнгө оруулалт хөгжиж буй ертөнцөөс дайжиж, аж үйлдвэржсэн томоохон орнууд руу өнөөгийнхөөсөө илүү эрчимтэй тэмүүлнэ. Үүний дүнд томоохон орнууд(тухайлбал, АНУ)-ын эдийн засаг эхний үедээ илүү хурдацтай өснө.
Дээрхийн хариуд нь БНХАУ зэрэг өөрийн орны хилийн дээсийг давуулан хөрөнгө оруулалт гадагш нь хийх түвшинд хүрсэн хөгжиж буй цөөн орны төр засаг өөрийн хөрөнгө оруулалтыг өөртөө л үлдээж, гадаадын хөрөнгө оруулалтын “алдагдлаа” нөхөхийг оролдоно. Ингээд өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын гадаадад хийх хөрөнгө оруулалт бүхэлдээ буурна.
5. Дээр дурдсан үйл явцын өрнөлийн дүнд дэлхийн худалдаа аажимдаа буурна. Импортын тарифын өсөлт болон протекционист бодлого худалдааны эргэлтийг удаашруулах үйлчлэл үзүүлнэ.
6. Дэлхийн худалдаа буурсан ч, богино хугацаандаа хөрөнгө оруулалтын урсгалын өөрчлөлтөө дагаад өндөр хөгжилтэй зарим орнуудын өсөлт ажиглагдана. Зарим өндөр хөгжилтэй орнууд болон хөгжиж буй ихэнх орнуудын хувьд эдийн засгийн өсөлт нь нэмэлт ачаалалтай тулгарна.
7. АНУ, Мексикийн хилийг хязгаарласан хана босно. Гэхдээ энэ нь жинхэнэ биет биш хана байх болов уу. Ийм хана биет хананаас дутахааргүй, бас давахад тун хэцүү хана байх болно. Мексикээс АНУ руу нэвтрэх бараа бүтээгдэхүүний тариф өсөх бөгөөд энэ нь Мексикийн экспортод мэдрэгдэхүйц нэмэлт ачааллыг бий болгож, бодит хананаас дутахааргүй тусгаарлах үйлчлэлийг бий болгоно.
8. Фэйсбук, твиттерийн сошиал орчин үүссэнээсээ хойш анх удаа хязгааргүй эрх чөлөөт орчноос тодорхой хязгаарлалтууд бүхий зохицуулалттай байдал руу шилжинэ. Хязгаарлалтуудыг эдгээр үйлчилгээг үзүүлдэг компаниуд өөр өөрсдөө нэвтрүүлнэ. Абсолют эрх чөлөөнөөс “шинэ эрх” чөлөөт орчин руу шилжинэ.
9. Дэлхий дахинд гадаад тагнуулын албадын ажиллагаа ойрын 30 жилд байгаагүйгээр нэмэгдэнэ. Тэдгээрийн зардал, санхүүжилт өсч, түүхийн өрнөлд нөлөөлөх жин нь ихсэнэ.
Эдгээр өөрчлөлтүүд бидний хувьд сайн ч биш, муу ч биш. Бидний хүсэл эрмэлзлээс үл хамааран өрнөх энэхүү өөрчлөлтүүдэд бид өөрийн бодлого үйл ажиллагаагаа хэрхэн зохицуулж, өөрчлөхөөс бид хохирох уу, хожих уу гэдэг хамаарна. Иймд гадаад бодлого залгамж чанараа хадгалахын зэрэгцээ уян хатан байх учиртайг бодолцон олон асуудалд шинэ өнцгөөс хандах хэрэгтэй болж буйг л анхаарах ёстой юм.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар