Монголын үндэсний бөхийн холбооноос улсын баяр наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авахаар боллоо.
Үндэсний баяр наадамд шөвгөрсөн 32 бөхөөс шинжилгээ авдаг. Наадмаас бусад үеийн шинжилгээнд хамруулах шаардлагатай бөхчүүдийг сонгох зорилгоор өчигдрөөс эхлэн нууцаар санал авч эхэллээ.
Өөрөөр хэлбэл бөхчүүд тусгай санал асуулгын хуудсанд:
- Улсын цолтой найм
- Аймгийн цолтой найм
- Сумын цолтой найман бөхийн нэрс бичих юм байна.
Мэдээж заавал найман бөх бичихгүй, шаардлагатай хүмүүсийн нэрсээ бичнэ.
Монголын үндэсний бөхийн холбооноос Архангай аймгийн “Бөх билигт” дэвжээ, “Алдар” спорт хороон дээр бэлтгэл хийж байгаа бөхчүүд, “Ховд” дэвжээ, “Хилчин” спорт хороо, Говь-Алтай, Увс, Өмнөговь, Хөвсгөл, “Их шавь” дэвжээ зэрэг нийт 300 гаруй бөхөөс санал аваад байна.
Бусад дэвжээ болон аймгийн бөхчүүдээс үргэлжлүүлэн санал авах юм байна. Үүнээс гадна бөхийн хорхойтнууд үзэгчдээс ч санал авахаар болжээ. Хоёрдугаар сарын 12-нд болох Их Монгол Шаравжамц аваргын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаанд үзэгчдээс саналаа өгөх боломжтой.
Бөхчүүд болон үзэгчдээс хамгийн олон санал авсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авах юм байна. МҮБХ-ноос сэргээшийн шинжилгээ урьдчилан мэдэгдэхгүйгээр гэнэтийн байдлаар шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ.
Монголын үндэсний бөхийн холбооноос Допингийн эсрэг эв нэгдлийн сан байгуулан хандив цуглуулж эхэлжээ.
Одоогийн байдлаар Допингийн эсрэг эв нэгдлийн санд:
- МҮБХолбоо 10.000.000 төгрөг
- Дархан аварга Ж.Мөнхбат 1.000.000 төгрөг
- Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1.000.000 төгрөг
- Дархан аварга Г.Өсөхбаяр 1.000.000 төгрөг
- Бөхбилэгт дэвжээ 1.500.000 төгрөг
- Жаст групп 2.000.000 төгрөг
- Жем интернэшнл групп 1.000.000 төгрөг
- Их Монгол аварга сан 1.000.000 төгрөг
- Талх-Чихэр ХК 1.000.000 төгрөг
- Улсын начин М.Болдбаатар 100.000 төгрөг
- Улсын начин А.Алтанхуяг 200.000 төгрөг
- Улсын харцага Ш.Уламбаяр 300.000 төгрөг
- Аймгийн харцага П.Өсөхбаатар 100.000 төгрөг
- Бөх сонирхогч Ч.Төгсбаяр 20.000
- Улсын начин Г.Батбаатар 100.000 төгрөг тус тус хандивлаад байна.