‘Унаганууд’ улирлын анхны хожлоо авав

732

‘Хүрхрээ үндэсний дээд лиг’-ийн дөрөвдүгээр тойргийн тоглолт болох ‘Хоромхон’, ‘Унаганууд’-ын тоглолт өчигдөр болсон юм.

‘Хоромхон’ сүүлийн хоёр тоглолтод дараалан хожигдож, “Унаганууд” эхний гурван тоглолтоос хожил авч чадаагүй байсан тул хэн хэнд нь бүтэн оноо ус агаар мэт хэрэгтэй байсан. Тэр утгаараа багууд тоглолтын эхнээс хянамгай тоглолтыг үзүүлсээр нэгдүгээр үе гоолгүй тэнцээгээр өндөрлөв.

Өнгөрсөн улирлын 18 дугаар тойргийн, хамгийн сүүлчийн тоглолтод хүрэл медаль, 20 сая төгрөгийг булаалдаж байсан түүх энэ тоглолтыг улам сонирхолтой болгож байлаа. Хоёр багийн харилцан довтолгоонууд төдийлөн амжилттай болохгүй шийдвэрлэх үеийн 60 дахь минутад ‘Унаганууд’ клубийн Л.Насандэлгэр энэ тоглолтын цор ганц гоолыг оруулсан юм. Тэгж ‘Унаганууд’ лигийн анхны хожлоо авснаар хүснэгтийн наймдугаар байрт дэвшлээ.