МАН-ын төлөөлөгчид ШХАБ-ын хуралд оролцлоо

643
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Коммунист Намын урилгаар БНХАУ-д айлчилж, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/-ын Улс төрийн намуудын уулзалтад оролцлоо.
Энэ сарын 26-нд Гуаньдун Шөнжөн хотноо болсон тус уулзалтад нийт 18 улсын 28 улс төрийн намаас 250 гаруй төлөөлөгч оролцож, бие биенийхээ эрхэд халдахгүйгээр харилцан ашигтай хамтран ажиллаж,  нэг нэгэндээ тусалж, дэмжих зарчмаар хамтдаа хөгжих талаар ярилцаж, санал солилцжээ.
 Хятадын коммунист намын төв хорооны Гадаад харилцааны сайд Сун Тао уулзалтыг нээж хэлсэн үгэндээ ‘Эрх тэгш, харилцан ашигтайгаар Шанхайн үзэл санааг тууштай баримталж улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлж, эв нэгдлийг бий болгоход хамтран ажиллах, нэг бүс нэг зам санаачлагыг чухалчлан бүс нутгийн аюулгүй байдлыг хамтдаа сахиулан хүмүүнлэгийн харилцаагаа нэмэгдүүлэх’-ийг уриалсан байна.
Уулзалтын үеэр Хятадын Коммунист Нам, Монгол Ардын Намтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэ нь Монгол Ардын Намын энэ удаагийн айлчлалыг өндөр төвшинд хүлээн авч, чухалчилж байгаагийн илэрхийлэл юм.
‘Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн мөнхийн хоёр хөрштэй. Тиймээс энэхүү хоёр хөршийн нэгдэн орсон ШХАБ-ын үйл ажиллагааг идэвхтэй ажиглаж байх нь Монгол Улсын геополитикийн хувьд маш чухал. Энэ удаагийн айлчлалын гол зорилго нь ШХАБ-ын гишүүн орнуудын хүрээнд өрнөж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, бүс нутгийг хамарсан эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн чиглэлийн томоохон төсөл хөтөлбөрүүд, ирэх онуудад хэрэгжүүлэх бодлого, төслүүд танилцан дэлгэрэнгүй мэдээлэл авах юм.’ гэдгийг айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчид онцоллоо.
ШХАБ нь байгуулагдаад 17 жил болж байгаа бөгөөд Хятад улс ШХАБ–ыг удирдсанаас хойш 120 гаруй арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байна.