Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна

526

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэж ажлын явцыг танилцууллаа. Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийт 1231 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 82 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эрчим хүчний эх үүсвэр буюу дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 9 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 81 хувь, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлтгэл 84 хувьтай байна. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 236 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, 81 хувийн биелэлттэй байгаа юм. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг гүйцэтгэлийг доор үзүүлэв.

Д Дүүрэг Төлөвлөсөн арга хэмжээ Биелэлт

2017.09.06-ны байдлаар

1 БАГАХАНГАЙ 18 74%
2 БАЯНГОЛ 11 85%
3 НАЛАЙХ 39 87%
4 СОНГИНОХАЙРХАН 43 75%
5 ЧИНГЭЛТЭЙ 18 85%
6 БАЯНЗҮРХ 216 81%
7 СҮХБААТАР 38 75%
8 ХАН-УУЛ 32 85%
9 БАГАНУУР 13 81%
  Нийт 428 81%

Үүнээс гадна Улаанбаатар хотын дулааны төв шугамд нийт 12 зогсолт хийхээс засварын ажил  төлөвлөгөөний дагуу хийгдэж, 9 дүгээр  сарын 5-ны өдрийн байдлаар 11 зогсолт бүрэн хийгдэж дууссаныг Ерөнхий менежер танилцууллаа. Мөн 2017-2018 онд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 902 тн бодис, 1500 тн давс нэмж нөөцлөхөөр худалдан авах ажиллагааг зохион байгуулж, гэрээ байгуулан ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.