Тавантолгой гэх хараал шингэсэн ордыг хэзээ эдийн засгийн эргэлтэд оруулахыг эдийн засагчид бүү хэл эрх баригчид ч хэлж чадахгүй байна. Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” компани зүүн Цанхийн нүүрсээ Хятадын төрийн өмчит Чалькогийн өрөнд өгч, баруун Цанхийн нүүрсээ тонн тутмыг нь 71.5 ам.доллараар уурхайн аман дээрээсээ зарж байгаа билээ. Үндсэндээ уурхайн аман дээрээс нүүрсээ зарна гэдэг хятадууд Монголын коксжих нүүрсийг сорчлон авч байна гэсэн үг.
Нүүрсийг хэрэглээгээр нь эрчим хүчний болсон коксжих гэж үндсэн хоёр бүлэгт хуваадаг агаад коксийн нүүрсийг гангийн үйлдвэрт хэрэглэдэг тул дэлхийн зах зээлд эрэлт ихтэй, үнэ нь харьцангуй өндөр.
Гэвч, яг ийм “монгол” маягаар нүүрсээ зарвал найман жилийн дараа гэхэд уурхайн эдийн засгийн үр ашигтай нөөц дуусна гэж эксперт Л.Наранбаатар тооцож буй юм.
Учир нь Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Нарангийн тайлбарласнаар Тавантолгойн нийт нөөц 6 тэрбум тонн. Үүний 30 хувь нь буюу 1.8 тэрбум тонн нь коксжих нүүрс. Тавантолгойн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд коксжих болон эрчим хүчний нүүрсээ хольж экспортод гаргах нь эдийн засагт үр ашигтай болохыг дуулгав.
Гэвч хоёр жилийн өмнө газрын доорх баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах Ч.Сайханбилэгийн засгийн төлөвлөгөөг улстөрчид нь дэмжсэн бол Монгол Улс өнөөдөр гуйна гэдэг гутамшиг болохгүй байлаа. Тэр тусмаа ОУВС-гийн зээлд хамрагдаж долоон төрлийн татвар нэмлээ гэж халаглаад байгаа Ардчилсан намынхан хэрэвзээ хувийн эрх ашгаа нэгд тавиагүй бол шүү дээ.
ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд сангаас 440 сая, хандивлагч орнуудаас 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон. Энэхүү зээлийг төсвийн болон төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулахад зориулах юм.
МАН-ын засаг 5.5 тэрбум ам.долларын зээл авахаар болсонтой холбоотойгоор Ардчилсан намын экс дарга нарын зүгээс эсэргүүцэл илэрхийлж буй. Гэвч, мега төслүүдээ гацааж, хятад цэрэг, танкаар айлгасан нь аль нам билээ.
Тавантолгойн нүүрсийг нэмүү өртөг шингээж, гурав дахь зах зээлд гаргах нь Монголын олон жилийн мөрөөдөл. Гэвч, хоёр их гүрний дунд орших “хөл”-гүй Монголын нүүрс үнэгүйдэх болсон нь тээвэрлэлтийн зардалтай нь холбоотой. Хятад гэх нүүрсний мангасын хажууханд орших, газар зүйн байрлалаар өрсөлдөгчдөөсөө давуу талтай ч төмөр замгүй гэх цорын ганц шалтаг нь Монголын нүүрсийг зах зээлийн үнээс хямд зарахад хүргэж буй хамгийн том шалтгаан болсон.
2010 онд УИХ-аар Төрөөс баримтлах төмөр замын бодлогоо тодорхойлж, “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх, эхний ээлжид Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд экспортын төмөр зам барихаар шийдвэрлэсэн ч, өргөн нарийн цариг дээрээ өчнөөн жил маргалдаж, хятад танкны үлгэрт олон жил итгэж гүйсний үйлийн үрээ л монголчууд өнөөдөр эдэлж байна.
Салбарын сайд Ц.Дашдорж “Цаг алдахгүй гэрээ, хэлэлцээрийг үргэлжлүүлж дуусгах”-аа мэдээлж байгаа ч 2016 оны арванхоёрдугаар сарын 21-нд албан ёсоор эхэлсэн Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг дуустал явагдахгүй гэсэн шинэ мэдээлэл дуулдаж буй юм.
Хөрөнгө оруулагчдын зүгээс Монголын Ерөнхийлөгчийн сонгууль болтол ямар нэгэн хэлэлцээ хийхгүй гэсэн байр суурьтай байгаа нь Тавантолгойн гэрээг хийх тохиолдолд ҮАБЗ-өөр хэлэлцэхтэй холбоотой аж. ҮАБЗ-ийн тэргүүнээр хэн сонгогдохоос хамаараад Тавантолгойг хөдөлгөх үгүй нь шийдэгдэнэ нүүрсний салбарынхан хэлж байна.
Салбарын сайдын зүгээс 2017 ондоо багтаан Тавантолгойг үзэглэнэ гэдэгт итгэлтэй байгаа бол 2019 оны үед л хөдлөх болов уу гэсэн хүлээлт бий.
Засгийн газрын төвшинд Тавантолгойг эргэлтэд оруулах гурван хувилбар яригдаж байгаа.
Нэгдүгээр хувилбар нь, Хятадын “Шинхуа”-д зуун хувь өгөх, хоёрдугаарх нь, төслийн компанийн 51-ээс доошгүй хувийг “Энержи ресурс”-т, харин төмөр замын 49 хувийг “Шинхуа”, 51 хувийг нь “Монголын төмөр зам”-д эзэмшүүлэхээр ярьж байгаа аж. Харин гурав дахь хувилбар нь төслийн компанийн 51-ээс илүү хувийг “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”-д хуваан эзэмшүүлэх, 49 хувийг нь “Шинхуа” болон “Сумитомо”-д өгөхөөр яригдаж байгаа юм байна.
Эцэст дахин сануулахад Тавантолгой гэрээ байгуулагдах эсэх нь шинэ Ерөнхийлөгчөөр хэнийг сонгохоос хамаарах бололтой.