Ардын нам адууныхаа хулгайд мордов уу?

454

imagee

Сангийн сайд өнгөрсөн баасан гаригт таван их наяд 974 тэрбумын орлоготой, найман их наяд 564 тэрбумын зарлагатай, алдагдал нь хоёр их наяд 589 буюу ДНБ-ийн 9.9 хувьтай тэнцэх төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан юм. Энэ нь  Мэргэжлийн Засгийн газрын боловсруулсан хоёр дахь төсөл бөгөөд 2017 онд зарим төрийн өмчийг хувьчлахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл,Ж.Эрдэнэбатын засаг төсвийн цоорхойгоо төрийн өмчийг хувьчлах замаар нөхөхөөр шийдсэннь “Ашиггүй ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг хувьчлахаас өөр аргагүй” гэсэн Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн үгнээс тодорхой  байна.

Ардчилсан намын үед 90 гаруй аж ахуйн нэгжийг хувьчлах жагсаалтыг гаргасан. Эндээс эхний ээлжид Төрийн банкыг хувьчилж 75 тэрбумыг, Хөрөнгийн биржийг зарж таван тэрбумыг, “Оргил” рашаан сувилалыг хувьчилж, 15 тэрбумыг төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байв. Тухайн үед улсаараа эдийн засгийн хямралд нэрвэгдэж, аж ахуйн нэгжүүд орлогогүй болж байгаа нөхцөлд татвар төлөгчдийн мөнгөөр бий болсон төрийн өмчүүдийг үнэгүйдүүлэн хувьчлах нь буруу гэх шүүмжлэлийг МАН-ын бүлэг ч гаргаж байсан юм.

Тэгвэл өнөөдөр Ардын намынхан Төрийн банкыг 75 тэрбумаар, Хөрөнгийн биржийг 20 тэрбумаар, “Оргил” рашаан сувилалыг долоон тэрбумаар, Монголын цахилгаан холбоог 7.6 тэрбум төгрөгөөр хувьд өгч, улсын төсөвт 111.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Гэхдээ энэ бол хувьчлалын үнэ биш зөвхөн төсөвт төвлөрүүлэх орлого.

Төсөвт нэрмээс болдог төрийн өмчит компаниудыг хувьчлах нь уг нь зөв. Гэхдээ өнөөдрийн хувьд хувьчлах цаг мөн үү гэсэн асуулт эндээс зүй ёсоор төрж байна. Учир нь долларын ханшийн зөрүүн дээр алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг хямдхан худалдах нь гэсэн хардлага эдийн засаг, улс төрийн хүрээнийхний дунд байгаа болохоор тэр юм.

ТӨРИЙН БАНКЫГ Г.АЛТАН  АВАХ УУ?

Төрийн банкны актив нь 1.8 их наяд гэсэн албаны мэдээлэл байдаг. Төрийн банкны нийт өмчийн 75 хувийг Хадгаламжийн даатгалын корпораци, 25 хувийг Сангийн яам эзэмшдэг. Энэхүү 25 хувиа хувийнханд зарж, төсөвт 75 тэрбумыг төвлөрүүлнэ гэсэн үг.

Тус банк нь Монгол Улс даяар 540 салбар нэгжтэй. Нийт ажиллагсдын тоо нь 3800 орчим. Монголын топ таван банкны нэг. Төрөөс олгодог тэтгэвэр тэтгэмжийн 52 хувь нь Төрийн банкаар дамждаг юм байна. Тус банкны 25 хувийг “САПУ”-гийн Г.Алтжин авахаар хөөцөлдөж байгаа гэсэн мэдээлэл ч улс төрийн хүрээнээс дуулдаж буй юм. Г.Алтжин нь Монголын том хадгаламж эзэмшигчийн нэг. Тэрбээр Ардчилсан намын үед хувийн банк байгуулах хүсэлтээ Монголбанкинд тавьж байсан ч, төв банкнаас түүнийг нь зөвшөөрөөгүй гэсэн мэдээлэл ч байгаа юм. Байгуулагдсанаас хойш, 2015 оны байдлаар Төрийн банк нь  42,8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

“ОРГИЛ”-ЫН ХУВЬЧЛАХЫГ АХМАДУУД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

“Оргил” рашаан сувилал нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа рашаан сувиллуудаас 100 хувь төрийн өмчит гэдгээрээ онцлогтой.  Тус рашаан сувиллыг ашиггүй ажиллаж байна гэсэн үүднээс эрх баригчид хувьчлах компаниудын жагсаалтад багтаажээ. Харин тус компани нь 2012 онд 646,2 сая, 2013 онд 812,7 сая, 2014 онд 485,9 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байдаг. Өнгөрсөн онд тус сувиллыг дуудлага худалдаанд оруулах доод үнэ нь 15 тэрбумаас эхэлж байсан ч хэн ч санал ирүүлээгүй гэдэг. Харин ирэх онд долоон тэрбумаас эхэлж дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Ардчилсан намын үед “Оргил”-ын хувьчлалын асуудал сөхөгдөхөд Алтангадасынхан тэр тусмаа УИХ-ын гишүүн Г.Батхүүг авах нь гэсэн хардлага ч гарч байлаа. Харин  энэ удаад МАН-ын томчууд “Оргил”-ыг онилсон бололтой. Тус сувиллын газраас “Өндөр Буянт” компани булааж орон сууцны хороолол барих гэж байна гэсэн хэл ам ч гарч байлаа. Харин Монголын ахмадын холбооныхон энэ хувьчлалын эсрэг байгаа юм. Учир нь  тус сувиллаар үйлчлүүлэгчдийн 80 хувь ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэнэ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙГ ХЭН АВАХ ВЭ?

1991 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн Засгийн газрын 22 дугаар тогтоолоор байгуулагдаж байсан Монголын хөрөнгийн бирж улсын 100 хувийн өмч. Хөрөнгийн биржийн хувьчлалыг хамгийн их сонирхож байгаа хүн бол өмнө нь гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Д.Ангар.Түүнийг Ч.Улааны хүн гэх нь бий. Тэрбээр 50 мянган оролцогч 100 мянган төгрөг төлөөд таван тэрбумаар худалдаж авах боломжтой гэдгээ тухайн үед ил шулуухан илэрхийлж байсан юм.

Харин энэ удаад Хөрөнгийн биржийн доод үнэ 20 тэрбум болж өссөн. Тиймээс Д.Ангарын мөрөөдөл талаар болж байна гээд хэлчихэд буруудахгүй. Нөгөө талдаа Монголын хөрөнгийн биржийг дампууруулах замаар хямдхан худалдан авах нь гэсэн яриа ч гарч байгаа юм.

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО

Монголын цахилгаан холбоог хувьчилж, 7.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгасан. “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг БНСУ-ын “Корей Телеком” компанид худалдан авахыг санал болгож, татгалзсан тохиолдолд хөрөнгийн зах зээлд нийтэд худалдах гэнэ.

Ийнхүү эдийн засгийн хямралтай үед төр хөрөнгөө зарахаар шийдсэн, нэг талдаа ашиггүй ажилладаг төсөвт дарамт учруулдаг компаниасаа салах нь зөв ч нөгөө талдаа Ардын нам адууныхаа хулгайд мордов уу гэсэн хардлага ч олон хүнд төрүүлж байна.

Сэтгүүлч:
Ж.Нямсүрэн