Халаа сэлгээ, томилгоо хаана хүрч зогсох вэ?

576

_i1a3666

Төрийн албыг төрөл саднаар цус сэлбэх “их цэвэрлэгээ” үргэлжилж байна. Нийтэд ил болсон жагсаалтаар эхнэр нь нөхрөө, эцэг нь охиноо, ах нь дүүгээ, хадам нь хүргэнээ, худ нь төрлөө ажил албатай залгуулжээ. Найзыгаа албан тушаалд тавьсан хүн чанартай сайд ч байна. Хүүгээ, хүргэнээ, худаа ажилд томилуулж, ширлэн нүүрлэж сууснаас найзыгаа ажилтай болгох нь нэр цэвэр ч юм уу. Лав л Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат дотны анд Д.Ариунболдыгоо “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал болгосон мэдээлэл байна.

Томилгоотой холбогдох жагсаалтыг сонирхуулбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэрийн төрсөн дүү М.Мөнгөнчимэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр н.Мөнхбаатар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын даргаар, МАК-ийн ерөнхийлөгч Б.Нямдаваа Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын даргаар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайн охин Б.Гаваа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Тамгын газрын даргаар, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн Ч.Алтаннар Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Б.Улам-Өрнөх Худалдан авах ажиллагааны газрын даргаар, Сангийн сайд асан Я.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр Барилга, хот байгуулалтын яаманд газрын даргаар, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар томилогджээ.

Бүтцийн өөрчлөлт нэрийн дор хийж байгаа халаа сэлгээнээс болж яам, агентлагийн төвшинд 1100, нийслэлд 200, орон нутагт 700 хүн ажилгүй болсон бол мөн тооны хүмүүс суудлыг нь эзлэн ажил албатай залгажээ.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын төрсөн дүү С.Тунгалагтамир Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны газрын даргаар, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч н.Саран Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдын эхнэрийн дүү Ц.Ариунбаяр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар, Ерөнхий сайд асан П.Жасрайн зээ охин А.Ариунзаяа Үндэсний статистикийн хорооны даргаар, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн дүү Д.Баярсайхан Төрийн банкны гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүнээр, эхнэр Х.Отгонтуяагийнх нь дүү Б.Асралт Гаалийн  ерөнхий газрын даргаар, УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдаар томилогдон тус тус ажиллаж байна.

Бүтцийн өөрчлөлт нэрийн дор хийж байгаа халаа сэлгээнээс болж яам, агентлагийн төвшинд 1100, нийслэлд 200, орон нутагт 700 хүн ажилгүй болсон бол мөн тооны хүмүүс суудлыг нь эзлэн ажил албатай залгажээ.

Намын харьяаллыг нь харгалзан, ураг төрлийг нь дагуулан хийж байгаа энэхүү кампанит ажлаас болж, тал, талд ажил цалгардаж, төр чадвартай боловсон хүчнүүдээ алдаж, чадамжгүй болж буйн хариуцлагыг хэн хүлээх вэ, эрх баригчид аа? Дөрвөн жилийн сонгуулийн циклд хөтлөгдөнтөрийн албыг дээр, дооргүй бужигнуулсаар байвал цаашид төрд тогтвортой ажиллах боловсон хүчин олдох уу.

Монголд улстөрчийн хүүхэд том албан тушаалд очино, төрөл садан нь төрийн албанд ажиллана гэдэг тусгай хууль үйлчлээгүй юм бол ураг төрлийн томилгоогоо зогсоовол яасан юм бэ?

Ийм бохир томилгооноос болж, Монголын олон зуун чадалтай залуус мэргэжлийн ажлаа хийж чадахгүй зэвэрч, төр нь чадварлаг боловсон хүчнийхээ хүчийг ашиглаж чадахгүй зогсонги нэг хэвэнд орлоо. Халаа сэлгээ, томилгоо хаана хүрч зогсох вэ, эрх баригчид аа!

Г.ХОРОЛ