Монголын Хөрөнгийн биржийн захирал Х.Алтайтай хөрөнгийн зах зээл, улс орны эдийн засаг, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Тэрбээр 2010-2014 он хүртэл Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад, 2016 оны 9 сард дахин Хөрөнгийн биржийн захирлаар томилогдоод буй юм.
-Энэхүү нэр хүндтэй албан тушаалд дахин томилогдсонд баяр хүргэе. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, манай улсын төсөв санхүү хүндрэлтэй байгаа энэ цаг үед Та энэ ажилд томилогдлоо. Улс орны эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Таны санааг сонсмоор байна?
–Баярлалаа. Муу мэдээ, тоо баримтууд хангалттай дурдагдаж байгаа энэ үед зарим нэг эерэг хандлага, нөхцөл байдлын талаархи ажиглалтаасаа хэлье. Манай орны экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөх хандлага сүүлийн саруудад ажиглагдаж байгаа нь сайн мэдээ. Зөвхөн гадаад орчинд бус Монголбанкинд тушаасан алтны хэмжээ, алтны үнийн өсөлт зэрэг нь эдийн засагт нэмэр болох боломжтой гэж харж байна. Түүнчлэн ОХУ-д барууны улс орнуудын зүгээс тавьсан хориг арга хэмжээнүүд нь ОХУ-ыг БНХАУ болон Зүүн хойд Азийн улс орнуудтай улс төр, эдийн засгийн харилцаагаа нягтруулах хөшүүрэг болж байна. Энэ нь Монгол Улсаар дамжиж БНХАУ-ОХУ-ыг холбох эдийн засгийн корридор зэрэг томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжих нөхцөл бодитоор бий болж байгааг харуулж байна. Нөгөө талаас хямрал нь хүнээр бол илүүдэл жингээсээ салах төсвийн сахилга бат хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд бага зардлаар өндөр бүтээмжтэй ажиллах шаардлага үүсгэж байгаа учир энэ нь урт хугацаандаа хэрэгтэй байх сайн талтай. Бас нэг анхаарал татсан зүйл гэвэл ноднин УИХ-аар баталсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн үр дүн миний гайхшралыг төрүүлсэн. Миний сонссоноор 30-40 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон гэсэн. Саяхан Энэтхэгт татварын өршөөлийн хуулиар 9.5 тэрбум ам.долларын хөрөнгө ил болсон гэдэгтэй харьцуулахад энэ нь анхаарал хандуулж дүгнэлт хийх шаардлагатай тоо баримт гэж санагдсан.
-Таны санал бодол сонирхолтой санагдаж байна. Та Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар ил болсон энэ хөрөнгийн талаар өөрийн дүгнэлтийг хэлээч?
–Одоохондоо бүхэлд нь судалж тодорхой хариулт өгөхөд эрт байна. Гэхдээ хамгийн наад зах нь гэхэд 2017 оны төсөв батлагдаж байгаа энэ цаг үед энэ их хэмжээний хөрөнгө ил болж, эдийн засгийн эргэлтэд орно гэдэг нь өөрөө ирэх жилийн төсвийн орлогоос авахуулаад, цаашлаад ажлын байр нэмэгдүүлэх хүртэл олон эерэг үр дүн гаргана гэж харж байна. Түүнчлэн энэ хөрөнгийн тодорхой хэсэг нь манай хөрөнгийн зах зээлд оролцож эргэлдэх боломж бий. Энэ нь манай хөрөнгийн зах зээлд ямархуу потенциал байгаагийн илэрхийлэл юм. Бас нэг заавал асуух ёстой асуулт бол манай орны эдийн засгаас их хэмжээний мөнгө ийнхүү бүртгэлгүй байсан нь өөрөө бид зарим нэг тогтолцоо, бодлогоо эргэж харах ёстойг сануулсан үйлдэл гэж бодож байна. Та намайг зөв ойлгоорой, би маш өнгөцхөн өөрийн дүгнэлтийг хуваалцаж байна.
-Та Хөрөнгийн биржийн захирлын ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна вэ?
–Би түүхэндээ анх удаа энэ байгууллагын захирлаар хоёр дахь удаагаа томилогдож байгаа хүн болж байгаа юм байна лээ (инээв.сурв). Би өмнө нь хөрөнгийн биржийн захирлаар ажиллахдаа тухайн үед ажиллаж байсан багийн хамтаар хууль эрх зүйн орчин, дэд бүтцийн шинэчлэлийг хийсэн. Тухайлбал, Үнэт цаасны зах зээлийн тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг боловсруулан УИХ-аар батлуулсан. Мөн Лондонгийн хөрөнгийн биржийн Миллениум АйТи системийг Монголын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлсэн. Энэ нь зүгээр нэг систем бус дэд бүтцийн шинэчлэлийн чанартай ажил байсан юм.
Хамгийн сонирхолтой нь би ажлаа өгөөд хувийн төсөл бизнесээ эрхэлж байхдаа нөгөө Х.Алтай чинь өөрөө Монголын хөрөнгийн зах зээлийг санхүүгийн эх үүсвэр босгох арга хэрэгсэл гэж харж ашиглаагүй байна лээ. Би Танд юу гэх гээд байна вэ гэхээр миний өмнө хийсэн ажлууд хэдийгээр хамгийн чухал тулгуур дэд бүтэц, эрх зүйн орчныг бий болгоход чиглэсэн хэдий ч тэр бүр хөрсөн дээрээ бууж, амьдралд хэрэгжихгүй байгааг өөр дээрээ нотолчихоод сууж байна.
Бирж дээр давхар бүртгэлийн асуудал буюу dual listing гэх мэт маш чухал хэрэгжих шаардлагатай дэд бүтцийн талаар хэдэн арван мин ярьж болох боловч, Таны асуултанд товч хариулахад би ажлаа эн тэргүүнд хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагууд болох СЗХ, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, брокер диллерийн компаниуд, банк санхүү, төлбөр тооцооны байгууллагууд нягт хамтран ажиллаж, нэг баг болж оролцогчид, хөрөнгө оруулагчдыг байнга мэдээллээр хангаж, тэдэнд хөрөнгийн зах зээлийн үр ашиг, өгөөж, боломжийг сурталчилахаас эхэлнэ. Ер нь дотоодын хөрөнгийн зах зээлийг тодорхой, үр дүнтэй хөрөнгө босгох санхүүгийн алтернатив эх үүсвэр болгох дээр төвлөрч ажиллана.
-Саяхан Сангийн дэд сайд Төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг Хөрөнгийн биржээр дамжуулж хувьчилна гэж ярилцлага өгсөн. Энэ талаар Таны бодол?
–Энэ талаар одоохондоо Сангийн яам болон бусад удирдлагуудтай албан ёсоор санал солилцоогүй байна. Хөрөнгийн зах зээл гэдэг бол бүх иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид г.м оролцогчдын тэгш байдлыг хангаж ил тод нээлттэй, хамгийн гол нь маш их үр ашигтай дэд бүтэц. Би Булгантуяа сайдын ярилцлагыг харсан. Хамгийн энгийн жишээ гэхэд ДЦС-үүдийн тодорхой хувийг хувьчлах шийдвэр гарлаа гэж бодоход тэндхийн ажилтнууд болон тухайн салбарт ажиллаж байгаа оролцогчид хөрөнгийн биржээр дамжуулан тэдгээр компаниудын тодорхой хувийг эзэмших, гүйцэтгэх удирдлагад нөлөөлөх, хамгийн гол нь салбараа мэддэг мэргэжлийн сэтгэлтэй зүтгэлтэй хүмүүс нь цаашид илүү үр ашигтай, өгөөжтэй удирдаад явах боломж бүрдэх юм.
-Тухайлбал Таны бодлоор яг ямар байгууллагуудыг хөрөнгийн биржээр дамжуулж хувьчлах ёстой гэж харж байна вэ?
–Дэд сайд хэлсэн байна лээ. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд хувьд очсоноор илүү үр ашигтай, менежмент нь сайжирдаг гэж. Ямар байгууллага, обьект хувьчлах нь асуудлын гол биш. Хөрөнгийн биржээр дамжуулж хувьчлал хийхийн давуу тал юу вэ? Хөрөнгийн биржээр дамжуулж энэ процессыг хийснээр ямар ямар үр дүн гарах вэ? гэдэг нь чухал. Би түрүүн жишээ татан хэлсэн. Хамгийн сүүлийн нэг жишээ бол “Монгол Шуудан” ХК-ий тодорхой хувийг биржээр дамжуулж хувьчилсан. Бид бүгд Хөрөнгийн биржийн үндсэн давуу талуудыг хангалттай сонссон. Нээлттэй, ил тод, оролцогчдын тэгш байдал, хувьцааны хөрвөх чадвар г.м. Харин хүмүүсийн олж харахгүй байгаа хэд хэдэн өнцөгийг Танд тайлбарлая. Тухайлбал, Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани аж ахуйн нэгж нь олон нийтийн өмчлөл гэдэг утгаараа хууль эрх зүйн маш сайн хамгаалалттай орчинд байдаг. Өөрөөр хэлбэл нь энэ нь тогтвортой, аюулгүй бизнес орчныг бий болгож байгаа юм. Учир нь энэ чинь олон нийтийн өмч болж байна гэсэн үг. Нөгөө талаар Монголын үндэсний томоохон бизнесменүүдийн бас нэгэн проблем гэвэл менежментийн асуудал байдаг. Түүний дотор хувь нийлүүлэгчдийн дотоод үл ойлголцол ч гэдэг юм уу. Өөрөөр хэлбэл олон мянган хувьцаа эзэмшигчтэй болж тэдний эрх ашгийг хангах, хөндлөнгийн аудит, хяналт, компанийг үр ашигтай, сайн засаглалын асуудлыг энэ дэд бүтэц өөрөө хяналтын механизмтай нь хамт шийдэж байдаг гэх мэт давуу талуудыг нэрлээд байвал зөндөө. Энэ нь гадны томоохон хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгон Монголд төсөл хэрэгжүүлж байгаа компаниудад ч тодорхой хэмжээгээр хаамаарна. Тэд МХБ-ээр дамжуулж монгол хувьцаа эзэмшигчидтэй болсноор тогтвортой үйл ажллагаа явуулах боломжоор хангагдах юм.
-Зээлийн хүү өндөр байгаа талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гарч байна. Хөрөнгийн бирж үүнд ямар оролцоотой байх вэ?
–Хөрөнгийн бирж дээр эн тэргүүнд хийгдэх ажлаа би товч дурдсан. Цаашдаа ч гэсэн энэ байгууллагыг олон нийтэд нээлттэй болгож, энэ сэдвээр зөндөө ярилцах болно гэдгийг амлая. Харин өнөөдөр банк санхүүгийн байгууллагууд болон бизнесменүүдийн яриад байгаа халуун сэдвүүдийн нэг нь гадны банк, зээлийн хүүг бууруулах бололцоотой, хэрхэн хийх вэ гэж маргаан өрнөөд байна. Би бодохдоо гадны банк орж ирэх нь зарим талаараа тийм ч буруу биш байх. Гэхдээ нөгөө талаар гадны банк орж ирсэнээр зээлийн хүү буурна гэж тооцож байгаа бол харин энэ бол өөр ойлголт бөгөөд механизмын хувьд шийдэл болж чадахгүй гэж бодож байна. Харин Хөрөнгийн зах зээл маань өөрөө мөнгө санхүүжилт босгох томоохон дэд бүтэц учраас энэ хөгжиж байж банкны зээлийн хүүг бууруулах нэгэн хөшүүрэг болох боломжтой гэдгийг хэлэх байна.
-Ярилцсан танд баярлалаа.
Д.ЭРДЭНЭТУЯА