Ховд аймгийн Чандмань, Дарви сум, Говь-Алтай аймгийн Хөх морьт, Баян-Уул, Шарга сумдын нутаг дэвсгэрт бөхөн мялзан халдварт өвчний улмаас хорогдсоор байгаа. Одоогоор 560 гаруй бөхөн хорогдсон.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр нартай уулзаж авах арга хэмжээний талаар санал солилцон, тусламж үзүүллээ.
Сайд С.Бямбацогт “Ховд аймагт 3000 орчим бөхөн байдгаас 560 гаруй нь хорогдоод байна. Нутгийн ахан дүүс цасан шуургыг ч үл ажран өөрсдийн унаа машин, мотоциклоор явж, өвчнийг голомтод оруулахаар ажиллаж байна. Сүүлд гурван хар сүүлт мөн энэ өвчний халдвар авч үхсэн. Иймээс яаралтай арга хэмжээ авч, бусад ан амьтдад халдварлуулахгүйгээр таслан зогсоох нь чухал юм” гэлээ.
Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр “Дарви, Чандмань сумын нутаг дэвсгэрт дөрвөн ажлын хэсэг байгуулж нутгийн иргэд болоод төрийн алба хаагчдыг дайчлан бөхөнгийн сэг зэмийг устган ажиллаж байна. Холбогдох байгууллагаас 130.000.000 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн. УИХ-ын гишүүн С.Бямбацогт 6.000.000 төгрөгийн хандив тусламж үзүүллээ. Нутгийн ард иргэдэд сурталчилгаа хийх, өргөн уудам нутагт үхсэн сэг зэмийг цуглуулан устгах, цаашид хар сүүлт бусад амьдтад өвчин тархаахгүй байх ажилд маш их тустай. Асуудлыг эхнээс нь гартаа авч анхаарал хандуулан 130 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн үүнэээс гадна 6.000.000 төгрөгийн хандив өгсөн тойргоос сонгогдсон гишүүндээ талархаж байгаагаа илэрхийлж байна” гэлээ.
Дашрамд, мэргэжлийн байгууллагуудын өгч буй мэдээллээр бөхөнд вакцин ямар ч боломжгүй тул сэг зэмийг булж устган, халдваргүйжүүлэлт хийснээр тархалтыг зогсоох боломжтой гэж үзэж буй ажээ.
Г.ХОРОЛ