Reuters: 2004 оноос хойш Монголын нэг ч Ерөнхий сайд 4 жилийн хугацаагаа дуусгаж чадалгүй огцорчээ
-Монголын парламент Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар санал өгөв. Энэ нь долдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд МАН нам ялагдсаны дараа гарч буй улстөрийн томоохон шийдвэр юм.
ОХУ болон БНХАУ-ын хооронд оршдог хүн ам цөөнтэй эрдэс баялаг ихтэй тус улсын нэг ч Ерөнхий сайд нь 2004 оноос хойш 4 жилийн үүрэгт хугацаагаа дуусгаж чадалгүй огцорчээ. Парламентын ээлжит бус чуулганд оролцсон 73 гишүүдийн 42 нь Засгийн газраа огцруулахаар санал өглөө. Ерөнхий сайд нь хэлсэн үгэндээ улс орон нь сүүлийн 25 жил 13 удаа Засгийн газар солигдсоныг онцолсон юм.
Синьхуа : Далайд гарцгүй энэ улсын улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг эрсдэлд оруулж байна.
-Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс 13 засгийн газрын нүүр үзсэнээс ердөө хоёр нь л дөрвөн жилийн үүрэгт хугацаагаа дуусгаж чаджээ.
Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг ид хэрэгжүүлж буй энэ үед засгийн газраа огцруулсан нь далайд гарцгүй энэ улсын улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг эрсдэлд оруулж байна.
Олон улсын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Монголын улс төрийн нөхцөл байдалд байнга санаа зовсоор ирсэн бөгөөд МАН засгийн эрхийг барих болсноор улс төрийн байдал нь тогтвортой болно гэж найдаж байсан юм.
Reuters: Монголын Засгийн газар огцорсонтой холбоотойгоор бондын ханш унаж байна
-Парламентын гишүүд нь пүрэв гарагийн орой олонхын саналаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулсантай холбоотойгоор доллароор гаргасан Монголын бондын ханш өнөөдөр олон улсын зах зээлд уналаа.
Олон улсын санхүүгийн зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэдэг “Tradeweb” компанийн мэдээлснээр, Монголын 2022 онд буцаан төлөх ёстой “Чингис” бондын ханш өнөөдөр 0.462 центээр унаснаар нэгжийн үнэ нь 97.539 цент болжээ. Уг бондын ханш долдугаар сараас хойш хамгийн өндөр хувиар унасан нь энэ юм.
Мөн Хөгжлийн банкнаас гаргасан, 2021 онд төлөх ёстой бондын ханш 0.270 центээр буурснаар нэгж бондын ханш нь 117.729 цент болсон байна.
Эх сурвалж: www.info.mn