АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьжээ

457

Урьдчилан зарлаагүй байсан утасны дуудлагыг өнөө өглөө Дональд Трамп хийж БНХАУ-ын дарга Ши Жиньпинд “сюрприз” барьжээ.

Трамп энэ үеэр “нэг Хятад” бодлогын ач холбогдлыг ойлгож байгаагаа илэрхийлээд түүний засаг захиргаа энэхүү зарчмыг хүндэтгэнэ гэж Хятадын төрийн тэргүүнд амласан тухай CCTV мэдээллээ.

Хоёр удирдагчийн утасны ярианы тухай Цагаан ордон мэдээлэхдээ “тэд хэд хэдэн асуудлаар ярилцсаны дотор Ши Жиньпиний ‘нэг Хятад’ бодлогыг хүндэтгэх хүсэлтэд Дональд Трамп зөвшөөрсөн хариу өгсөн” гэжээ.

“Нэг Хятад” бодлого буюу Тайванийг эх газрын Хятадын нэг хэсэг гэж үздэг зарчим нь 1970-аад оны үеэс Хятад-Америкийн харилцааны гол суурь болж байсан юм.

Трампыг ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш анх удаа болсон энэхүү яриа нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үүсээд байсан хоёр орны харилцаан дахь эргэлзээг арилгах чухал алхам болсон байна.

Цагаан ордны мэдэгдэлд энэхүү утасны яриаг “маш их найрсаг” уур амьсгалтай болсныг онцлоод Трамп, Ши нар харилцан бие биеэ өөр өөрийн улс оронд урьсан гэжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Трамп Тайваний ерөнхийлөгчийн баяр хүргэсэн утасны дуудлагыг хүлээж авсны дараа Хятад-Америкийн харилцаанд хүндрэл гарсан юм. Учир нь Трамп АНУ-ын ерөнхийлөгч нарын олон арван жил мөрдөж ирсэн дипломат ёсыг зөрчсөн тохиолдол байлаа.

Өнөөдөр Японы ерөнхий сайд Шинзо Абэтай уулзах гэж байгаа Дональд Трамп үүнээсээ өмнө Хятадын төрийн тэргүүнтэй холбогдож харилцааг бүр хүнд байдалд орохоос сэргийлсэн болов уу гэж ажиглагчид дүгнэж байна.

Шинзо Абэ Трампыг сонгуульд ялсны дараа дэлхийн улс орнуудын удирдагч нараас хамгийн түрүүнд биечлэн уулзсан бөгөөд өнөөдөр болох уулзалт нь тэдний хоёр дахь удаагийн уулзалт болж байгаа юм.

Эх сурвалж: BBC