Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өчигдөр албан ёсоор эхэлсэн билээ. 20 гаруй хоногийн турш үргэлжлэх албан ёсны сурталчилгааг нэр дэвшигч бүр өөр өөрийн өвөрмөц онцлогоор эхлүүлэхээр болсон. Тухайлбал, МАН-ын нэр дэвшигч өөрийн намын байр болон Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайгаас сурталчилгаагаа эхэлсэн бол АН-ын нэр дэвшигч Х.Баттулга Хэнтий аймгаас сонгуулийн сурталчилгаагаа эхэллээ.
Харин нэр дэвшигч С.Ганбаатар Төв талбайгаас сурталчилгаагаа эхэлсэн юм. Тэгвэл эдгээр гурван нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны штабыг удирдаж ажиллах хүмүүс эхнээсээ тодорхой болов. Нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг МАХН-аас Нарийн бичгийн дарга Б.Тулга, МАН-аас УИХ-ын гишүүн Л.Оюун- Эрдэнэ, АН-аас Нарийн бичгийн дарга О.Магнай нар хариуцах бол АН-ын нэр дэвшигч Х.Баттулгын Нийслэлийн сонгуулийн штабыг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хариуцаж ажиллахаар болжээ.
Энэ сонголт иргэдэд тун ч таалагдаж байгаа бөгөөд Р.Амаржаргал гишүүн өөрийн твиттер хуудсандаа “Маргааш гурван мөрийн хөтөлбөртэй танилцана. Гайгүй байгаа” хэмээн жиргэсэн байсан юм. Харин МАН-ын хувьд НИТХ-ын дарга Ц.Сандуй удирдана гэсэн мэдээлэл байна.