Лондон хотод гарсан халдлагын гурав дахь үйлдэгчийн хэн болохыг өчигдөр буюу Мягмар гарагт зарлалаа. Халдлага үйлдэгч нь 22 настай Юсеф Загба гэгч Мороко гаралтай Италийн иргэн байжээ.
Өмнө нь нөгөө хоёр этгээдийг цагдаа нар зарлаад байв. Тэд 27 настай Пакистан гаралтай Хурам Батт, 30 настай Мороко-Ливи гаралтай Рашид Редуан нар байсан юм.
Лондон даяар эдгээр гурван хүнтэй холбоотой этгээдүүдийг эрэн сурвалжилж байна. Шинээр танигдсан Загбаг өмнө нь ямар нэг хэрэгт сэжиглэгдэж байгаагүй, цагдаагийн хяналтад байгаагүйг мэдээлжээ.
Харин Хурам Батт нь 2015 оноос хойш цагдаа, тагнуулынхны хяналтад байсан, тэр ч байтугай жихадистуудын тухай телевизийн баримтат кинонд дүр нь үлдсэн байсныг илрүүлсэн юм.
Британий олон нийт, хэвлэл мэдээлэл чухам яагаад аюулаас хамгаалахынхан ийм этгээдийг хараанаасаа гадуур байлгаж байсныг хүчтэй шүүмжилж эхэлжээ.
Өнгөрсөн Бямба гарагт дээрх этгээдүүд автомашинаар явган зорчигчид руу дайрсны дараа хутгаар зэвсэглэн гудамжинд явсан иргэд рүү довтолсон юм. Үүнээс гадна цагдаа нарын ур чадварт эргэлзэж байгаагаа Британий хэвлэлүүд мэдээлэх болжээ.
Учир нь халдагчид түгшүүр зарласнаас хойш найман минутын турш аллага хийсний дараа цагдаа нар 50 удаа буудаж байж алуурчдыг зогсоосон нь батлагдсан юм.
Мөн Британичуудын хараанаас гадуур байсан Загба нь террористуудтай холбоотой болохыг Италичууд мэдэж байсан, Британий талд мэдэгдэж байсан гэх мэдээлэл асуудлыг улам хүндрүүлж байна.
Эх сурвалж: BBC