Хойд Солонгос 4 пуужин хөөргөлөө

622

Хойд Солонгос дахин дөрвөн баллистик пуужин хөөргөсний гурав нь Японы эдийн засгийн тусгай бүсэд буюу Япон улсын эзэмшлийн бүс нутагт унасан болохыг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэн байна.

БНСУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Квон Ки Жүүний мэдээлснээр
Хойд Солонгосын зүгээс хэд хэдэн пуужин хөөргөсөн нь 1000 км орчим зайг туулсан гэнэ.

Пуужингуудыг Хойд Солонгосын хойд Пёнъян мужийн Тонгчанри станцаас хөөргөсөн ба эдгээр пуужингууд нь Японы тэнгист унасан хэмээн Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яамнаас мэдэгдсэн юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Хван Кё Ан дээрх үйл явдалтай холбоотойгоор  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарласан байна.

Хойд Солонгосын зүгээс баллистик пуужин хөөргөсөн явдал нь БНСУ болон АНУ цэргийн хамтарсан сургуулилт хийж байгаатай холбоотой аж. Хойд Солонгосын засгийн газар үндэсний KCNA мэдээллийн агентлагаараа дамжуулан, “АНУ-ын империалистууд болон тэдний утсан хүүхэлдэй болох Өмнөд Солонгос нийлж БНАСАУ-ын эсрэг цөмийн аюултай цэргийн сургуулилт хийж байгаа учраас манай улсын арми үүний эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авах болно” гэж мэдээлсэн байна.

Өнгөрсөн жил БНСУ болон АНУ-ын хамтарсан сургуулилтын үеэр Хойд Солонгос богино болон дундаж зайны хэд хэдэн баллистик пуужинг хөөргөсөн ба эдгээр пуужиндаа цөмийн толгой байрлуулах болно хэмээн мэдэгдэж байсан билээ.

Түүнчлэн Өмнөд Солонгосын зүгээс Хойд Солонгосоос оргон ирэгсдэд өгөх шагналын хэмжээгээ дөрөв дахин нэмсэн явдал ч мөн үүнд нөлөөлсөн байж болзошгүй аж.

Өнгөрсөн сард Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-д албан ёсны айлчлал хийж байх үеэр Хойд Солонгос туршилтаар дундаж зай туулах, шинэ загварын баллистик пуужингаа хөөргөсөн нь Японы тэнгист унахаасаа өмнө 500 км зайг туулсан билээ.

Хойд Солонгосын үндэсний мэдээллийн агентлагаас мэдээлж байгаагаар тус улсын удирдагч Ким Жон Ун пуужин хөөргөх ажиллагааг биечлэн хянасан аж.

Эх сурвалж: www.cnn.com