Сангийн яам, Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар, Төрийн банкнаас хамтарсан ‘Нээлттэй хаалганы өдөр’-ийг өнөөдөр, маргааш хоёр өдөр /06.07-06.08/ Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Өдөрлөгийн нээлт 11:00 цагт боллоо.
Монголын төсөв, сангийн бодлого, татвар, гаалийн үйл ажиллагааг эрхэлдэг гол байгууллагуудын нээлттэй хаалганы өдөр иргэдэд хэрэгцээтэй мэдлэг, үйлчилгээгээр дүүрэн байна. Ингээд өнөөдөр Сүхбаатарын талбайг зорих таван шалтгааныг нэрлэе.
АВТОМАШИНЫ ТАТВАРАА ТОРГУУЛЬГҮЙ ТӨЛӨХ БОЛОМЖОО ЭДЛЭЭРЭЙ
Автомашины албан татвар төлөх хуулийн хугацаа зургаадугаар сарын 1-нд дууссан. Татвараа төлж амжаагүй бол торгууль төлөх ёстой.
Гэхдээ өнөөдөр, маргааш хоёр өдөр иргэдэд боломж олгож, Сүхбаатарын талбайг зорьж татвараа төлөхөөр ирвэл торгуульгүй үйлчлэх юм байна.
Өдөрлөгийн үеэр автомашинтай холбоотой татварын асар хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
Гаалийн Ерөнхий Газараас өдөрлөгт өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Манай улсаас хилээр гарахыг хориглосон барааны жагсаалт бий.
Тэгвэл энэ жагсаалтыг зөрчиж, гаалийн ажилтнуудад хураагдсан бараануудыг олон нийтэд дэлгэн тавьжээ.
Уг музейд ховор амьтны арьс, эртний эдлэлээс эхлээд гар утас, согтууруулах ундаа хүртэл байна. Иргэд энэ асарт ирж үзэхдээ хилээр гаргахыг хориглосон зүйлсийн талаар мэдээлэл авах боломжтой.
САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДЭЭС ХУДАЛДАН АВААРАЙ
Татварын систем шинэчлэгдсэнээр кассын шинэ програм, техник эрэлттэй болоод буй. Энэ эрэлт хэрэгцээг мэдэрч өнөөдрийн өдөрлөгт “ Интерактив Би Ай”, “Майсофт”, “Датакейр”, “Кассмолл”, “Прософт” зэрэг ХХК-иудын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах асрууд байрлажээ.
Хэрэв танд санхүүгийн програм хангамж, кассын машин, баримт хэвлэгч хэрэгтэй байгаа бол Сүхбаатарын талбайг зориорой.
И-БАРИМТ, НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ
НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхлээд жил гаруй хугацаа өнгөрчээ. Гэхдээ НӨАТ-ын баримтаа бүртгүүлдэггүй, дансаа нээж амжаагүй иргэд байгаа.
Хэрэв танд НӨАТ-ын урамшууллын системийн талаар асуух асуулт байгаа бол Татварын Ерөнхий Газрын мэргэжилтнүүдийг зориорой.
Төв талбайд болж буй өдөрлөгийн хамгийн хүн ихтэй асруудын нэг нь энэ байлаа.
ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦООРОЙ
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр та үндэсний үйлдвэрлэгчдийн хүнс, барааны бүтээгдэхүүнээс худалдан авах боломжтой.
Энд мах, махан бүтээгдэхүүн, аяны хувцас хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдаж байна. Өдөрлөг 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
13 АЗТАНД 4 САЯ ТӨГРӨГИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛАВ
НӨАТ-ын ээлжит сугалаанаас дөрвөн сая төгрөг хожсон 13 азтанд батламж гардуулах ёслолын ажиллагаа өдөрлөгийн үеэр боллоо.
Нийт 19 иргэн дөрвөн сая төгрөг хожсоноос ирэх боломжтой 13 иргэнийг урьжээ.
Батламжийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа гардуулж өгөв.
НӨАТ-ын сугалаа явуулж эхэлснээс хойш 100 сая төгрөгийн гурван азтан, 20 сая төгрөгийн азтан 14, дөрвөн сая төгрөгийн азтан 191 тодорчээ.
Урамшууллын системийн үр дүнгээр татварын орлого өнгөрсөн жил 80 гаруй тэрбум төгрөгөөр давж биелжээ. Энэ жилийн хувьд ч татвар төлөвлөгдсөн хэмжээнээс давж байгаа юм байна.