Олон нийтийн дунд оффшортой холбоотой дуулиан үе үе гарах болжээ. Дуулианыг дэвэргэж буй манайхан Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциумын вебсайт дээр нэг чухал зүйл онцлон бичсэнийг огт харахгүй, ойлгохгүй байгаа. “Оффшор компани, сангуудыг хууль ёсны дагуу ашиглаж болдог. Бидний зүгээс Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциумын Оффшорын тухай мэдээллийн датабаз-д дурдьсан аливаа хүн, компани болон бусад хуулийн этгээд нь хууль зөрчсөн эсвэл аливаа байдлаар зүй буйсаар үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй байгаа бөгөөд тийм утгаар ойлгуулах зорилгогүй” гэж хар дээр цагаанаар бичсэн байна.
Оффшорыг дэлхийн хэмжээнд хориглосон зүйл байхгүй бөгөөд оффшор нь сайнаар ч, муугаар ч нөлөөлж байдаг. Оффшорыг зарим нь хөрөнгө оруулалт татах зорилгоор харин зарим нь хууль бус хөрөнгөө нуух зорилгоор ашигладаг.
Дэлхийн бусад улс орнуудын оффшорт холбогдсон иргэд, компаниудын талаар бичихдээ яяг л энэ ядгааг нь гаргаж бичиж байна. Тухайлбал, Их Британийн Хатан хаан II Элизабет, Их Британийн ерөнхий сайд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон, АНУ-ын худалдааны нарийн бичгийн дарга Вилбор Росс, түүнчлэн Apple, Nike, Twitter, Facebook зэрэг 100 гаруй компани, Оксфорд, Кэмбриж болон АНУ-ын шилдэг их сургуулиудын нэр оффшор бүсэд байгаа боловч энэ талаар муугаар бичсэн зүйл байхгүй байна. Гагцхүү тухайн мөнгө хаанаас эх үүсвэртэй вэ, татвар төлсөн үү гэж асууж байна.
Харин манай улсад улс төрчөөс нь авахуулаад ард иргэд нь оффшорын сайн, муу хоёр талыг ялгаж харалгүй зөвхөн муугаар харж тайлбарлаж байгаа нь харамсалтай. Монгол руу орж ирэх хөрөнгийн ихэнх нь оффшор компаниар дамжиж ордог. Хамгийн наад зах нь Оюу толгой байна. Гадны хөрөнгө оруулагчдын цаад толгой компани нь бас л оффшор. Хөрөнгөө оруулаад татвараа төлөөд ажлын байраа бий болгоод явна. Тэгээд бид энэ ялгааг нь гаргахгүй бүгдийг нь хөөгөөд туугаад, бизнес хийдэг монголчуудаа буруутгаад байвал Монгол улс л хохирно.