Ц.Мөнх-Оргил: Хятад иргэд визгүй зорчино гэдэг ташаа мэдээлэл

426

Олон нийтийн сүлжээнд “БНХАУ-ын иргэд нэгдүгээр сарын 5-аас эхлэн Монгол  Улсад 30 хоногийн визгүй зорчино” гэсэн мэдээлэл нийтлэгдэж, дээрх сэдэв амралтын өдрүүдэд олны анхаарлыг татжээ.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос тодруулахад “Энэ худлаа мэдээлэл. Яагаад ийм ташаа мэдээлэл гарсныг мэдэхгүй байна” гэлээ.

Мөн Гадаад харилцааны яамны албан ёсны фэйсбүүк хаягт мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд:

“Олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн мэдээлэл гарч байгаа нь ташаа мэдээлэл болохыг Гадаад харилцааны яам хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Гадаад улсын иргэдийг Монгол Улсын визээс чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэдэг бөгөөд хятад иргэдийг визгүй зорчуулах талаар Засгийн газраас ямар нэг шийдвэр гараагүй болно. Хоёр улсын иргэд харилцан зорчих асуудлыг Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол, Хятадын хооронд 1989 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу зохицуулдаг бөгөөд энгийн паспорттай хятад иргэд Монгол Улсын виз авах шаардлага хэвээр мөрдөгдөж байна. Сүүлийн үед зарим хувь хүмүүс олон нийтийн сүлжээг ашиглан гадаад бодлого, хоёр улсын харилцаатай холбоотой асуудлаар хариуцлагагүй, худал мэдээлэл түгээж, улмаар ард иргэдийг бухимдуулах, хоёр улсын харилцаанд сэв суулгаж болзошгүй мэдэгдэл хийж байгаа тул иргэд та бүхэн эдгээр мэдээллийг сайтар нягталж, зөвхөн албан ёсны эх сурвалжийн мэдээлэлтэй танилцаж байхыг хүсье” гэжээ.