Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийн онцлох 50 эшлэл

430

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийн онцлох 50 эшлэл

1.Миний бие Ерөнхий сайдаар томилогдоод 8, манай Засгийн газар танхимаараа бүрдээд 7 сар болжээ. Өнгөрсөн хугацаанд хийснээ, амжуулсан ажлаа харвал манай танхим субботникийн Засгийн газар байлаа .

2. Концессоор нэг тэрбум төгрөгөөр зам тавьчихаад улсад хүлээлгэж өгөхдөө 3 тэрбум төгрөг гэж бичилт хийгээд авчихдаг байж. Хөвсгөл аймгийн төвд 7 км замыг 7 тэрбум төгрөгөөр тавьсан байхад, үүнтэй яг адилхан нөхцөл, хэмжээтэй 7 км замыг Архангай аймагт 3 дахин их өртгөөр буюу 21 тэрбум төгрөгөөр тавьсан байх жишээтэй! Увс аймагт 8 тэрбум төгрөгийн өртөг бүхий замыг төр, засгийн ямарч шийдвэргүй, гэрээ хэлцэлгүй барьсан байна .

3. 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр 2012 оноос хойш 4 жилийн турш тасалдаж ирсэн төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр даван биеллээ.

4. Монгол Улс 580 сая долларын хугацаа тулсан өр зээлээ төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн олон улсынхны эргэлзээ тээнэгэлзээн дунд бид анх ажил авсан. Өнөөдөр Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдсэн.

5. Бид удахгүй, энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалько” компанид Монгол Улс удтал төлж ирсэн нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулж дуусгана.

6. Монголчууд бидний цаашид яах вэ, хямралаас яаж гарах вэ гэсэн эргэлзээ мухардлын дунд явсан үе дуусгавар болж байна.

7. Улсаа автомашинтай, эдийн засгаа шатахуунтай нь зүйрлэбэл асаад удчихсан бензинийх нь шар гэрэл унтарлаа.

8. Эдийн засаг хямралтай гээд эхэлж ард түмнийхээ халаасыг тэмтрэх эрх төрд, төрийнхөн бидэнд байх ёсгүй. Төр өөрөө бүсээ чангалахаас эхэлнэ.

9. Манай Засгийн газар ахмадууддаа Насны хишиг олгож байна. Ахмадууд маань тэтгэврээ хүүтэй зээлэх биш, хүүгүйгээр урьдчилж авч болдог болсон.

10 .Импортыг орлох нэр бүхий дөрвөн салбарын аж ахуйн нэгжүүдийг нэг хувийн татвартай болголоо.

11. Оюутнууд сургалтын төлбөрөө орон сууцны ипотектэй төстэй нөхцөлөөр сургуулиа төгссөний дараа төлдөг боллоо.

12. 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлж, “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, эхчүүдийн улсад ажилласан жилийг төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.5 жилээр нэмэгдүүлж тооцохоор боллоо.

13. Монгол Улс өнөөдөр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдснаар бүх юм сэргээд, тэндээс бөөн мөнгө гэнэт цутгаад явчих юмшиг санавал эндүүрэл болно.

14. Өнгөрсөн жилүүдэд манай эдийн засаг унаж, хямарч болох хамгийн доод төвшиндөө хүртэл, үүнээс цааш газар үгүй болтлоо унасан юм. Тийм учраас манай Засгийн газар ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ цаг ямагт ухамсарлаж, алдах эрхгүйгээр ажиллах ёстой.

15. Манай танхим хөрөнгө оруулагчдаа хуурдаг, хөөдөг биш, харин эрх ашгийг нь хамгаалдаг Засгийн газар байх болно .

16. Хэрвээ манай улс дэлхийгээс мөнгө татаж хөгжих нь үнэн л юм бол бид дэлхийн стандарт бүхий төсөв, санхүүгийн дэг журамтай байх ёстой. Ийм стандартыг тогтооход ОУВС-гийн хөтөлбөр, хамтын ажиллагаа тус болно.

17. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хуурч авчраад хөөдөг, хөрөнгийг нь улсад хурааж олон улсад найдваргүй түншид тооцогдсон ангиллаас Монгол Улс ОУВС-ийн батлан даалтаар гарах гэж байна.

18. Монголчууд бид саалиа бэлдэхээр саваа бэлдэхийг эрхэмлдэг ухаант ард түмэн. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалтыг авах “сааль” гэж үзвэл түүнийг шингээх “сав” болох таатай орчин нь дэлхийн стандарт бүхий төсөв, санхүүгийн дэг журам, сахилга бат юм.

19. Өнөөдөр манай улс мөнгөгүйн зовлондоо баригдан эдийн засгаа сэргээж чадахгүй байгаа бол, анх мөнгөтэйн зовлондоо цатгалдаж одоогийн хямралд хүрсэн нь гашуун үнэн билээ.

20. Өнөөгийн хямрал эдийн засгаас өөрөөс нь бус, бидний эдийн засагч бус сэтгэлгээнээс үүдсэн хямрал юм. Бид олсноо үрээд, хуваагаад дууссан ба эцэст нь хоосорсон эдийн засаг, улстөржиж талцсан олон түмэн хоёр л үлдсэн.

21. “Өнгөрсөн түүхийн ололт ч миний багш, алдаа ч миний багш” хэмээн мэргэд сургасан. Тийм учраас өнгөрсөн 26 жилийн алдаа ч, оноо ч Монголын улс төрийг ээлжлэн барьж ирсэн гол хоёр нам дээр ирнэ.

22. Иргэд байгаадаа сэтгэл хангалуун амьдрахад, төр мөнгөтэй байж гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эдийн засгийн таатай орчноос дутуугүй чухал өөр нэгэн хүчин зүйл бол нийгмийн шударга ёсны асуудал юм.

23. Монголын ард түмэн шударга нийгэм, хүчтэй төрийг мөнгөнөөс илүүтэй хүсч байгааг би Ерөнхий сайдын хувьд ч, энэ улсын иргэний хувьд ч мэдэрч байна.

24. Ардчилсан нийгэмд төрийн хүч олон түмний итгэл, хүндлэлээр илэрхийлэгддэг. Олон түмний итгэлийг дааж, хүндлэлийг хүлээж чаддаг төр л хүчтэй байдаг . Төр хүчтэй байгаа цагт нийгэмд шударга ёс тогтдог.

25. Одоо бүгдээрээ энэ бодит байдалтайгаа эвлэрцгээе, асуудлаа шийдэцгээе. Асуудалтайгаа нүүр тулж, өвчнийхөө голомтыг олж барьж авъя, онож эмчилье. Шударга ёсыг PR-аар тогтоохгүй, ер нь Монголын асуудлыг тойрч зугтаад шийдэхгүй гэдэгтэйгээ эвлэрцгээе.

26. Би л Ерөнхий сайдын хувьд, манай танхим ч шинэ замаар хуучин цагийн дуу аялж цааш алхахгүй, явахгүй.

27. Бид нийтээрээ, нийгмээрээ маргаашийнхаа төлөө өнөөдрөөс зүтгэж эхлэхгүй бол оройтоно.

28.Та бүхэн “төрдөө зүтгэнэ” хэмээн андгай өргөж албанд орсон төрийн хүмүүс учраас нийгэмд та бид үлгэрлэх үүрэгтэй.

29. Хэрвээ албадлагаар, хэн нэгний татаас, шахаагаар дарга болсон, хүчинд автаж юмуу, хууртаж албан тушаалд томилогдсон хүн байвал тэрийгээ хэлээд төрийн албанаас одоо явж болно.

30. Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ. Тийм хүмүүс Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй. Төрд сэтгэлтэй нь үлд, мөнгө олох хүсэлтэй нь яв.

31.Төрийн албанд өнөөдрөөс эхлээд боловсрол, мэргэжлийн дипломоос гадна чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооц.

32. Хов, хор, хамаатан саднаараа төрийн албанд залардаг, төрийн ажлыг залгуулдаг сүлжээг өнөөдрөөс эхлээд тасал.

33. Төрийн мөнгөөр шинэ тавилга, шинэ унаа машин авахгүй байхыг үүрэг болгож байна. Хэрвээ тавилга нь гологдож, албаны унаа нь тухгүй санагдаж байвал тэр хүн өөрөө ажилдаа гологдож байна гэж ойлго.

34. Маргаашаас эхлээд, төрийн томилолтоор онгоцоор зорчих хүмүүс хамгийн энгийн суудалд, хамгийн хямд тийзээр зорч. Заавал нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууж явмаар байгаа бол үнэ, тарифын зөрүүг нь өөрөө, хувиасаа төл.

35. Ерөнхий сайдын томилолт, айлчлалыг аль болох бага зардлаар, цомхон хийж байх талаар Төрийн ёслолын журамд өөрчлөлт оруулж, шийдэрлүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт үүрэг болгож байна.

36. Хамгийн түрүүнд Ерөнхий сайдыг орон нутагт ажиллахад хэд хэдэн жип машин хөлөглөн хэдэн зуун км давхин аймаг, сумынхаа хилийн зааг дээр угтдаг, үддэгийг өнөөдрөөс зогсоо. Аймгийнхаа төв, сумынхаа хаалган дээр цомхон бүрэлдэхүүнтэй зохион байгуул.

37. Ерөнхий сайдын хувьд миний бие ард түмнийхээ өмнө болон УИХ-ын өмнө Засгийн газрынхаа ажлыг бүрэн хариуцаж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана.

38. УИХ Ерөнхий сайдаас хариуцлага нэхэхтэй адил Ерөнхий сайдын хувьд би салбарын сайдаас л хариуцлага нэхэж ажиллана. Тийм учраас салбарын сайдтайгаа ойлголцохгүй, гар нийлэхгүй байгаа сайдаас доош эрэмбийн албан тушаалтнууд бол Ерөнхий сайдтайгаа, Засгийн газартайгаа зөрчилдөж байна, хариуцлага яригдана гэж ойлгох хэрэгтэй.

39.Төрийн буулга, төрийн хууль иргэддээ энэрэнгүй байх ёстой болохоос хууль зөрчсөн болон хуулиас давсан эрх мэдэл эдэлсэн хувь хүн, үйлдэлд хатуу байх ёстойг санаж ажилла.

40. Хямралтай гээд туйлширч, улсын наадмаа таслах нь хаашаа юм, гэхдээ л төсвөөс санхүүжүүлэх, татвар төлөгчдийн хөрөнгөнөөс тэтгэх бүхий л найр наадмаас түр татгалз.

41. Ард түмний орлого нэмэгдэх хүртэл төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхгүй гэдэг үнэнтэй эвлэрэхээс өөр гарц бидэнд байхгүй. Ард түмний худалдан авах чадвар нэмэгдтэл төрийн элдэв нэмэлт хангамж сэргэнэ гэж байхгүйг энд анхааруулъя.

42. Ард түмнээ харин бүсээ чангалах дэглэмд бус, хэрэглээний шинэ сахилга бат, хямгач сэтгэлгээнд суралцаж дадахыг уриалж байна.

43. Олон түмнийг ирээдүй цагийн өнгийг өнөөдөрт буулгаж, өөрт байхгүйн юмны төлөө байгаа мэтээр бухимдахгүй байхыг уриалж байна. Хэрвээ та архи, тамхи хэрэглэдэггүй бол энэ төрлийн барааны онцгой албан татварыг багахан хувь нэмэхэд бухимдах хэрэггүй. Энэ бол нийтийн эрүүл мэндийг хамгаалахаас гадна нийгмийн буруу зуршлаас зохистой хэрэглээнд шилжихэд тустай гэдэг талаас нь ойлгох хэрэгтэй.

44. Аливаа улс орны хямралын эсрэг үндэсний тэмцэл нь өөрийн үзэл сурталтай, чин эрмэлзэлтэй байж гэмээнэ сая амжилтад хүрдэг

45. Эдийн засгийн хямралыг эв нэгдэл, төр засгийн тогтвортой бодлогоор л давна.

46. Хямралтай тэмцэнэ гэдэг нь хямралд хүргэсэн бүхэнтэй, популизмтай, санхүүгийн болон улс төрийн сахилгад тэрслэх бүхий л оролдлогуудтай, ард түмний нэр барьж ард түмний эрх ашигтай тэрслэхтэй тэмцэнэ гэсэн үг. Тийм учраас өнөөдрийн улстөр хийгч болгон “Чи хямралын талд байна уу, Монголын талд байна уу” гэсэн асуултад хариулах ёстой.

47. Нэг нам нь өр тавьдаг, нөгөө нам нь өр дардаг хуучин замаар бид хол явахгүй.

48.Төрд зүтгэж байгаа та бид үйлчлүүлэх гэж ирсэн иргэдээ угтаж, ардчиллыг гутааж, төрийг сульдааж байгаа авлигаас зугтааж явах ёстойг хатуу сануулъя.

49. Эдийн засгийн хямралыг ч, авлигыг ч бид заавал ялах ёстой . Ялж байж монгол айл болгоны, монгол хүн бүрийн амьдралын чанарт ахиц, өөрчлөлт гарна. Тэрхүү ялалтыг манлайлах тугч нь төрд зүтгэж байгаа та бүхэн юм.

50. Манай намын эх орон, танай намын эх орон гэж байхгүйтэй адил манай, танай гэсэн талцал хуваагдал Монгол Улсад маань одоо хэрэггүй. Монголчууд бид нэг л эх оронтой, нэгдмэл ард түмэн. Тэд тунгалаг төрөөр үйлчлүүлж, шударга нийгэмд тайван амьдрахыг л хүсч байна.