Трамп, Путин нарыг хамтарч ажиллахыг Далай лам хүсэж байна

454

Төвдийн шашны тэргүүн 14 дүгээр Далай лам саяхан тангараг өргөсөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай дэлхий нийтийн энх тайван байдлын төлөө хамтарч ажиллахыг хүсэж байгаагаа хэлжээ.

Өнгөрсөн Бямба гарагт Шинэ Дэли хотод болсон нэгэн арга хэмжээнд оролцохдоо Далай лам энэ хүслээ олон нийтэд дэлгэсэн байна.

Тэрээр дэлхий нийтээр энх амгалан, хүчирхийлэлгүй нийгмийн зүгт өөрчлөгдөх хэрэгтэй байгааг өгүүлээд үүнд хүрэхийн тулд Трамп, Путин нарыг хамтарч ажиллаасай хэмээн хүсэж байгаагаа хэлжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол улсад айлчлах үеэрээ Далай лам АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоныг “санаа зовох зүйл биш” хэмээн хэлээд түүнтэй уулзана гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлж байв.

Далай лам нь АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нартай уулздаг уламжлалтай бөгөөд Барак Обаматай нийт дөрвөн удаа уулзсан юм. Ингэж уулзах бүрт нь Бээжингийн эрх баригчид эсэргүүцлээ илэрхийлдэг. Тэд Далай ламыг Төвдийг Хятадаас салан тусгаарлахын төлөө тэмцэгч гэж үздэг юм.

Харин Далай лам Төвдөд өргөн хэмжээний автономит эрх олгохыг хүсдэгээ удаа дараа илэрхийлж байжээ.

Далай лам 1959 онд Хятадын захиргааны эсрэг дэгдсэн бослогын дараа Төвдийг орхиж, Энэтхэгийн хойд хэсгийн Дармасала хотхонд өнөөг хүртэл амьдарч байна.

Эх сурвалж: ABCnews