2004 онд Каир хотноо болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 12 дугаар уулзалтаас “Машинаар унших паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй байх, дардас, резинэн тамгаар сунгасан паспортыг машинаар уншигдах баримт бичиг гэж хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болох тухай” Протокол гаргасан юм.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын иргэд энгийн гадаад паспортынхаа хугацааг сунгуулж гадаадад зорчих нөхцөлд үүнийг нь дэлхийн олон орон үл хүлээн зөвшөөрөх, олон улсын нислэгээр зорчуулахгүй байх, хилээр нэвтрүүлэхгүй эрсдэл үүсч байгаа юм.
Иймд олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор Монгол Улсын энгийн гадаад паспортыг чипгүй бол таван жилийн, харин чиптэй энгийн гадаад паспортыг 10 жилийн хугацаатай олгож, дахин сунгалт хийхгүй байхаар Засгийн газар хэлэлцэж, тогтов.
Засгийн газрын энэхүү тогтоолтой холбоотойгоор иргэдээс авдаг төлбөр хураамжид ямар нэгэн өөрчлөлт орохгүй юм.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР