Н.Номтойбаяр: 2018 оны нэгдүгээр сараас ТЭТГЭВЭР НЭМЭХ шийдвэр гаргалаа

579

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны хурлын танхимд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Сайд Н.Номтойбаяр

“Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас өмнө Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу мэдээлэл өгч байна.  2016 онд хямралтай маш хүнд Засгийн газрыг хүлээн авсан. Ерөнхий сайд Засгийг удирдаж эхэлснээр сайн үр дүнгүүд гарч эхэлсэн.

Эдийн засаг тэлж төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр хамгийн чухал асуудал бол тэтгэвэр тэтгэмж цалингийн асуудал юм.

Хөдөлмөр нийгмийн зөвшилцөл хуралдаж, хэд хэдэн зүйл заалтын хэрэгжилтийг хангах Ажлын хэсгүүд байгуулагдсан.

Хоёрдугаарт цалин нэмэх асуудал яригдаж байгаа.  Хүн амын орлогын 80 хувийг бүрдүүлж байгаа цалин тэтгэврийг нэмэх шийдвэр гарсан.

Өнөөдрийн байдлаар цалин нэмэх гэхээс илүү Ажлын хэсэг 3.1 сая иргэдэд үйлчлэх хэчнээн төрийн албан хаагч байх ёстой юм бэ гэдэг судалгааг хийх болно.

Төр ямар ажлыг хийх вэ, ямар ажлыг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх вэ гэдгийг судалж үзэж байж, цалин нэмж худалдан авах чадварыг дээшлүүлнэ.

Цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө нэмэх боломж байхгүй. Гэхдээ бид цалинг нэмэх талын бодлогыг баримталж ажиллах болно.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЦОМХОТГОН, ЧАДАВХЖУУЛЖ ЦАЛИНГ НЭМНЭ

Судалгаагаар манай яам, Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг шийдвэр гарган, төрийн албан хаагчдыг цомхотгон, чадавхжуулж цалинг нэмнэ.

Хүн хэдийн чинээ хөдөлмөрийн бүтээмжтэй байна урамшуулал тооцогддог байх ажил хийгдэж байна.

150 тэрбум төгрөгөөр тэтгэврийг нэмэгдүүлнэ. Амжиргааны дундаж түвшин зэрэг бүх судалгааг гаргасны үндсэн дээр хэдэн хувийг буюу хэчнээн ахмадын тэтгэврийг тэдэн хувиар нэмэгдүүлэх талаар тодорхой мэдээлэл гарна. Энэ бүхний боломж нь 150 тэрбум төгрөг.

БАГА ТЭТГЭВЭР АВЧ БАЙГАА ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙГ ӨНДӨР ХУВИАР НЭМЭХ, ӨНДӨР ТЭТГЭВЭР АВЧ БАЙГАА ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙГ БАГА ХУВИАР НЭМЭХ ЗАРЧМЫГ БАРИМТАЛНА

Өнгөрсөн Даваа гарагийн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн Үндэсний хороо хуралдсан. Хуралдааны үндсэн дээр 2018 оны нэгдүгээр сар гэхэд тэтгэврийг нэмэх шийдвэр гаргасан. 

Гэхдээ тэтгэврийг нэмэхдээ бага тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг өндөр хувиар нэмэх, өндөр тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг бага хувиар нэмэх зарчмыг баримтална” гэв.