Лондонгийн 24 давхар орон сууцанд гал гарчээ

537

Лондонгийн баруун хэсэгт орших Латимер Роудад байрлах 24 давхар орон сууцад томоохон хэмжээний гал гарч, зарим оршин суугч байшингаас гарч чадахгүй байгаа талаар БиБиСи мэдээллээ.

Гал гарсан дуудлагыг орон нутгийн цагаар шөнийн 01:16 цагт өгсөн ба галыг унтраахаар 200 гал сөнөөгч ажиллаж байна.

Лондонгийн цагдаагийн газраас  мэдээлж байгаагаар түлэгдсэн болон бэртэл гэмтэл авсан оршин суугчдад эмнэлгийн тусламжийг үзүүлээд байгаа гэнэ.

БиБиСи агентлагийн сэтгүүлч Энди Муурын мэдээлж байгаагаар барилга бүхэлдээ галд автсан ба нурах аюултай байгаа аж. Ослын газар руу гал сөнөөх албаны 40 машиныг илгээжээ.

Үүрийн 4 цагт цагдаагийн газраас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилсээр байгаа тухай мэдээлжээ.

Барилгаас гарч чадахгүй байгаа оршин суугчид гар утасныхаа гэрэл, гар чийдэн зэргийг асааж тусламж дуудаж буйг харсан талаар хүмүүс ярьсан байна.

БиБиСи агентлагийн сурвалжлагчийн мэдээлж байгаагаар барилгаас доошоо юм унаж, дотор нь юм дэлбэрэх, шил хагарах чимээ сонсогдож байсан ба цагдаа нар барилгын ойр орчмыг бүсэлж, хүмүүсийг ойртуулахгүй байгаа гэнэ.

Гал гарсан байшинг хэдэн километрийн цаанаас ч харах боломжтой байгаа аж.

Лондонгийн Гал сөнөөх албаны комиссарын туслах Дэн Дэлигийн хэлж байгаагаар гал сөнөөгчид галыг унтраахаар маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа гэнэ.

24 давхар тус орон сууцад 120 айл оршин суудаг аж. Хотын удирдлагууд галын улмаас бэртэж гэмтсэн болон харамсалтайгаар амиа алдсан хэдэн иргэн байгааг тогтоохоор ажиллаж байна.

Эх сурвалж: BBC