Их Британийн парламентын ээлжит бус сонгууль ирэх зургадугаар сарын 8-нд болно. Тус улсын хуулиар сонгууль болохоос өмнө буюу ажлын 25 хоногт багтан парламентыг тараасан байх ёстой аж.
Үүний дагуу лхагва гарагт шилжих шөнө парламент ажлаа зогсоосноо албан ёсоор мэдэгдлээ. Мөн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй хатан хаан Элизабета II-нд бараалхаж, энэ талаар танилцуулах гэнэ.
“Sky News”-ын мэдээлснээр тус улсад парламентын сонгууль 2020 онд явагдах ёстой байв. Гэвч дөрөвдүгээр сарын 18-нд Т.Мэй мэдэгдэл хийж, Европын холбооноос гарах болсонтой холбогдуулан уг асуудлыг наашлуулжээ.
Учир нь улс оронд нь улс төрийн тогтворгүй байдал үүсэхээс сэргийлж ийм арга хэмжээг авч буйгаа онцолсон юм.
Түүний үзэж байгаагаар Европын холбоотой гэрээ хэлэлцээ хийх үед Лондонгийн байр суурийг бэхжүүлэх нь чухал гэжээ.
Өнгөрсөн оны зургадугаар сард Их Британид Европын холбооноос гарах эсэх талаар бүх нийтийн санал асуулга явагдсан.
Брекситууд 51.9 хувийн саналаар ялсан. Шотланд болон Умард Ирландын оршин суугчдын дийлэнх нь Европын холбоонд үлдэх хүсэлтэйгээ илэрхийлж байв.
Харин өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд Их Британийн парламент Европын холбооноос гарах үйл явцыг эхлүүлэх тухай хуулийн төслийг дэмжсэн. Түүнээс гурван хоногийн дараа Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет баталсан байна.
Үүний зэрэгцээ гуравдугаар сарын 29-нд Их Британийн Ерөнхий сайд Т.Мэй уг асуудлаар Европын зөвлөлд захидал илгээсэн билээ. Их Британи Европын холбооноос гарах үйл явц хоёр жил үргэлжлэх юм.
Эх сурвалж: BBC