Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд зурагтаар шууд дамжуулсан мэдэгдэлд “Би Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихгүй гэж шийдсэн” гэж хэлсэн байна.
62 настай Ерөнхийлөгчийн рейтинг ард иргэдийнх нь дунд багассаар байгаа юм. Тэрээр Францын түүхэн дэх Ерөнхийлөгчийн албан тушаалд дахин өрсөлдөхөөс татгалзсан анхны Ерөнхийлөгч болж байна.
“Үлдсэн саруудад миний цорын ганц үүрэг бол улс орноо үргэлжлүүлэн удирдах юм. Ерөнхийлөгчийн алба хашиж байх хугацаанд дэлхий ертөнц, Европ болон Франц улс хэцүү сорилтуудтай нүүр туулсан. Ийм хүнд цаг үе болон нөхцөл байдалд би ард иргэдийнхээ эв нэгдлийг хадгалахыг эрмэлзсэн” хэмээн Франсуа Олланд мэдэгдсэн байна. Тэрээр үүгээрээ өнгөрсөн долоодугаар сард Ницца хотод, 2015 онд Парист болон Charlie Hebdo сэтгүүлийн байранд гарсан террорист халдлагуудыг онцолсон юм.
Олланд үүрэгт хугацаандаа өөрийн бүх хүч чадлаа ажилгүйдлийг бууруулахад дайчилсан ч ажилгүйдлийн түвшин түүний тооцоолж байснаас нь хамаагүй хойно буурч эхэлсэн юм. Ноён Олландын Ерөнхийлөгчийн хувиар хийсэн үйл хэргүүдийг 2015 оны 1 сараас эхлэн ар араасаа цуварсан алан хядах ажиллагаанууд харлуулсан билээ. Дахин халдлага гарч болзошгүй гэсэн айдастай байгаа Франц улсад онцгой байдал зарласан хэвээр л байгаа юм.
Тэрээр сонгуульд дахин өрсөлдөх нь ямар эрсдлүүдийг дагуулахыг мэднэ гээд Үндэсний Фронтоос ирэх заналхийллийн талаар анхааруулсан байна.
Франсуа Олландын энэхүү шийдвэрийг Санхүү эдийн засгийн сайд асан Эммануэль Макрон зоригтой шийдвэр гэж нэрлэсэн байна.
Ноён Олландын сонгуульд өрсөлдөхгүй гэсэн шийдвэр энэ удаагийн сонгуульд Социалист намаас нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн өрсөлдөөнийг эхлүүлээд байна. Тус намаас нэр дэвшигчийн нэр ирэх нэгдүгээр сард гарах ч Ерөнхий сайд Мануэль Валлс энэхүү өрсөлдөөнд ялах магадлал өндөр байна. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэйгээ мэдэгдсэн юм.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдээр 4 сая гаруй хүн Ерөнхий сайд асан Франсуа Филлоныг Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр сонгожээ. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Франсуа Филлон сонгогдох магадлал өндөр байгаа гэнэ.
Сүүлд хийсэн судалгаагаар Үндэсний Фронт намын өрсөлдөгч Марин Ле Пен ноён Филлоны гол өрсөлдөгч гэж гарсан байна.