СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн эцэг болох Ерөнхийлөгч агсан Пак Жон Хи-гийн төрсөн гэрт гал тавьсан хэргээр нэгэн эрэгтэйг саатуулаад байгаа тухай цагдаа нар мэдэгдлээ.
Тус улсын өмнөд нутгийн Гуми хотын гал сөнөөгчдийн мэдэгдсэнээр, пүрэв гарагийн үдээс хойш ерөнхийлөгч агсны гэрт гал гарч эхэлжээ. Галыг 10 минутын дотор унтраасан байна. Байшингийн нэг хэсэг нь шатжээ. Пак Жон Хи болон түүний гэргийн хөрөг зураг өлгөөстэй байсан өөр нэг байшинд бас гал тавьсан байв.
Ерөнхийлөгч агсны төрсөн газар нь олон нийтэд нээлттэй байдаг ажээ.
Цагдаа нар хэргийн газрын ойролцоо явж байсан 40 орчим насны нэгэн эрэгтэйг баривчлан байцааж байна. Сэжигтэн хэлэхдээ “Пак Гын Хэ нэн даруй огцрохоос татгалзсан учир эцгийнх нь төрсөн гэрт гал тавьсан юм” гэжээ.
Эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх дуулиан шуугиантай холбоотойгоор тус улсын ард иргэд, сөрөг хүчнийхэн төдийгүй нэг намынхан нь Пак Гын Хэг огцрохыг шаардсаар байгаа билээ.
Түүний эцэг 1961 онд цэргийн эргэлт хийн төрийн эрхийг булаан авч, тэрс үзэлтнүүдийг нухчин дарж, улс даяар хатуу чанд хяналт тогтоож байсан юм. Тэрбээр 1979 онд бусдын гарт амиа алджээ.
Г.Доржханд