Энэ сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх гэж буй Доналд Трамп өөрийн хүргэн Жерэд Кушнэрийг Цагаан ордон дах ахлах зөвлөхөөр нэрлэсэн байна.
35 настай Жерэд Трампын сонгуулийн кампанит ажилд гол үүрэг гүйцэтгэсэн ба түүний шинэ албан тушаал гадаад болон дотоодын бодлогыг тодорхойлоход чухал үүрэгтэй юм.
Трампын охин Иванкагийн нөхөр Жерэд Кушнер бизнесийн олон салбарт ашиг сонирхолтой, үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн юм.
Түүний шинэ албан тушаал 1967 онд Ерөнхийлөгч Линдон Жонсоны баталсан хуультай харшилж, мөн ашиг сонирхлын зөрчилдөөн үүсгэж байгаа учраас олон маргааныг дагуулж байна. Линдон Жонсоны хуулиар төрийн албанд байгаа хүн өөрийн хамаатан садан, ураг төрлийн холбоотой хүнээ өөрийн ажилладаг салбарт томилж болохгүй гэсэн байдаг.
Трамп, “Сонгуулийн кампанит ажилд маань Жерэд томоохон хувь нэмэр оруулж, итгэлтэй зөвлөх маань байсан. Түүнийг өөрийн багтаа гол удирдах албан тушаалд томилж байгаадаа бахархаж байна.” Хэмээн бичсэн байна.
Трампын багийнхан Линдон Жонсоны хууль Цагаан ордон дах албан тушаалд хамаарахгүй хэмээн үзэж байгаа аж. Линдон Жонсоны хуулиас гадна засгийн газрын албан тушаалтан ямар нэг өөр бизнес давхар эрхэлж болохгүй гэсэн хууль дүрэм үйлчилдэг.
Жерэд Кушнерийн хуульчийн хэлснээр Цагаан ордонд ажиллах болвол Жерэд гэр бүлийнхээ үл хөдлөх хөрөнгийн бизнесээс гарч, мөн бусад бизнесээс ч холдох гэнэ.
WilmerHale хуулийн фирмийн Жейми Гореликийн хэлж байгаагаар Жерэд холбооны улсын хууль дүрмийг дагахаа амлаж, Засгийн газрын Ёс зүйн албатай ямар ямар алхмууд хийх талаараа зөвлөлдсөн гэнэ.
Жерэд сонгуулийн кампанит ажлын үеэр хадам аавынхаа дэргэд олонтаа харагдсан ба Трампын тоон стратегид том хувь нэмэр оруулж байжээ.
www.bbc.com