Саудууд Хашоггийн хямралаас $75 тэрбумаар гарлаа

998

Дэлхийн хамгийн том нефтийн компани Saudi Aramco анхныхаа бондыг гаргаж, 75 тэрбум ам.долларын захиалга авлаа. Эхлэлийн саналаас үзэхэд тус компанийн бондын өгөөж Саудын Арабын улсын бондынхоос доогуур түвшинд ирэх төлөвтэй байна. Энэ нь төрийн өмчлөлтэй компанийн бондын өгөөж улсын бондынхоос доогуур байх нь ховор боловч хөрөнгө оруулагчдад сайн чанартай үнэт цаас нэн эрэлттэй байгааг харуулав.

Саудын Араб болон Aramco-гийн хувьд бондын арилжаа амжилттай эхэлсэн нь эдийн засаг төдийгүй улс төрийн эргэлт болж байна. Өнгөрсөн онд сэтгүүлч Хашоггийн амь насыг хөнөөсөн хэрэг явдлын дараа олон улсын хөрөнгө оруулагч нар хийгээд банк, санхүүгийнхэн Саудаас дөлөх шинжтэй болсон. АНУ, Саудын албаны 16 хүнийг Хашоггийг хөнөөсөн хэрэгт сэжиглэн, хар жагсаалтад оруулжээ.

Энэхүү хямрал түүхий нефтийн үнийн уналттай хавсран вант улсад цохилт өгсөн тул 2018 он болон 2019 оны эхээр Саудын өсөлт саарч, гаднынхан мөнгөө татаж байв. Харин одоо нөхцөл байдал эргэж, нефтийн үнэ баррель нь 70 ам.долларт хүрлээ. Дэлхийн өрийн зах зээлд анх гарч буй Saudi Aramco бондоо 3-30 жилийн хугацаатай зургаан хэсэгт хувааж, санал болгосныг эх сурвалж мэдээлэв.

Өнгөрсөн онд сэтгүүлч Хашоггийн амь насыг хөнөөсөн хэрэг явдлын дараа олон улсын хөрөнгө оруулагч нар хийгээд банк, санхүүгийнхэн Саудаас дөлөх шинжтэй болсон.

Эднийх 10-15 тэрбум ам.доллар босгох төлөвлөгөөтэй агаад эцсийн үнийг мягмар гарагт Лондонд зарлах юм. Тус компанийн бонд 1.25 хувийн өгөөжтэй байхаар тооцогдсон нь АНУ-ын 10 жилийн бондоос дээгүүр боловч Саудын улсын бондын 1.27 хувиас доогуур байна. Уламжлал ёсоор энэхүү эрсдэлийн төлбөр эрэлт ихсэх тутам багасдаг учир Aramco бүр багыг ч төлөх боломжтой.

Саудын Араб Хашоггийн үхлийн дараа өрийн зах зээлд хандаж байгаа нь анхных бус. Нэгдүгээр сард тус улс 7.5 тэрбум ам.долларын өртөгтэй олон улсын бонд худалдсан нь гадаадын хөрөнгө оруулалт эндээс зугтаагүйг харуулсан. Өнгөрсөн долоо хоногт Токио, Нью-Йоркоос эхлээд Лондонд хүртэл түгсэн Aramco-гийн бондын санал тус компанийн санхүүгийн нууцыг дэлгэхэд хүргэсэн юм.

Түүний дотор 1970-аад онд хувьчлагдсан компани ба Засгийн газрын харилцаанд гэрэл тусгав. Fitch болон Moody’s агентлаг Aramco-д тав дахь хамгийн өндөр зэрэглэл өгсөн нь Саудын улсын бондтой тэнцүү боловч Exxon, Shell, Chevron зэрэг нефтийн аваргуудынхаас доогуур буй. Төрийн өмчтэй тус компани 2018 онд 111.1 тэрбум ам.долларын ашигтай ажилласан нь Apple, Alphabet гэх мэт технологийн томчуудаас давсан үзүүлэлт. Үүний сацуу бонд гаргахаас өмнө гаргасан тайланд татварын ачааллын улмаас баррель бүрээс олох ашгийн хэмжээ Shell-ийнхээс доогуур байгааг тооцжээ.

Хавиер Блас