Мүүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдлоо

390

Мягмар гарагт болсон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд либерал улс төрч Мүүн Жэ Ин ялж, арав орчим жил үргэлжилсэн консервативуудын засаглал өндөрлөж, Хойд Солонгостой харилцах харилцаанд эвийг эрхэмлэх зам засагдлаа.

Мүүн сонгуульд ялснаар сүүлийн хэдэн сарын турш Өмнөд Солонгост өрнөж байгаа улс төрийн тогтворгүй байдал цэгцрэх замдаа орж байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ авлигын хэргийн улмаас гуравдугаар сард албан тушаалаасаа огцорч, түүнийг орлох хүнийг сонгох нөхөн сонгууль явуулах болсон юм.

Өчигдөр орой Сөүлийн төв талбайд цугларсан олны өмнө Ардчилсан Намын нэр дэвшигч Мүүн Жэ Ин үг хэлэхдээ “Би улс орноо нэгтгэхийг хүсч байна” гэсэн нь Пакын авлигын дуулианаас болж хуваагдаад байгаа улс орноо цэгцлэхийг хүсч байгаагийн илрэл байлаа. Таван жилийн өмнө улс төрд орсон хүний эрхийн хуульч асан тэрээр “Би бас намайг дэмжээгүй хүмүүсийн ерөнхийлөгч байхыг хүсч байна” гэжээ.

Сонгуулийн нийт дүнгийн 80 хувь тодроод байхад Мүүн 40 орчим хувийн санал аваад байгааг Сонгуулийн Үндэсний хороо мэдээлсэн байна. Түүний дараа өмнөх эрх баригч консерватив намын нэр дэвшигч Хон Жүн Пё 25.5 хувийн саналтай байгаа бол төв үзэлтэй улс төрч Ан Чол Сүү 21.4 хувийн санал авчээ. Эдгээр хоёр нэр дэвшигч ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна.

Сонгогчдын ирц 77.2 хувьтай байсан нь сүүлийн 20 жилд байгаагүй өндөр үр дүн болжээ.

Гэхдээ 80 хувь хүрнэ гэж төсөөлж байсантай харьцуулахад бага байгаа нь цаг агаарын таагүй байдал нөлөөлснийх гэж үзэж байна.

Өнөөдөртөө багтаж Мүүн Жэ Ин тангараг өргөн, таван жилийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлнэ. Тэрээр тансаг сүртэй ёслол хийлгүйгээр шууд ажилдаа орно гэж хэлсэн юм.

Одоо тэр даруй ерөнхий сайдын нэрийг парламентад өргөн барьж батлуулах ёстой. Бусад сайд нарыг парламентаар батлуулах шаардлагагүй юм.

2012 онд Пак Гын Хэд тун ойрхон ялагдаж байсан Мүүн Хойд Солонгостой яриа хэлэлцээр хийж, Солонгосын хойгийн сөргөлдөөнийг намжаах бодлого баримталдаг.

Тэр бас улс орныхоо эдийн засгийг Самсунг, Хюндэй зэрэг гэр бүлийн бизнесүүдээс хамаарах хамаарлыг багасган, жижиг дунд бизнесүүдийг дэмжин ажлын байруудыг нэмэгдүүлэх зорилготой.

Өмнөх ерөнхийлөгчийг огцруулах тэмцлийг манлайлсан залуу үеийнхэн Мүүнийг голлон дэмжсэн нь судалгаанаас харагджээ. Харин 60-70 насныхны 22-25 хувь л Мүүнийг дэмжсэн нь түүний Хойд Солонгостой харилцах харилцаанд зөөлөн бодлого барьдгаас болсон гэж судлаачид үзэж байна.

Тэрээр Хойд Солонгосын асуудлыг шийдэхэд Өмнөд Солонгос санаачилгатай оролцох ёстой, АНУ-Хятадын яриа хэлэлцээрийг хөндлөнгөөс хараад суух ёсгүй гэж үздэг юм.

Мүүний энэ байр суурь Өмнөд Солонгосын чухал холбоотон болох АНУ-тай харилцах харилцаанд бэрхшээл учруулж магадгүй гэгддэг ажээ.

Ямартай ч өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн тогтворгүй байдалтай байгаа Өмнөд Солонгосын улс төрийн амьдрал цэгцрэх шатандаа орлоо.

Эх сурвалж: BBC