Өсвөр насныхныг амиа хорлоход өдөөн турхирдаг ‘Цэнхэр халим’ гэх тоглоомын талаарх мэдээлэл цахим сүлжээнд хурдтай тархаж буйг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тоглоом нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санааны эмзэг байдлыг ашиглаж амиа хорлоход өдөөн турхирдаг. Амиа хорлох хүртэл даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд гэр бүлийг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг бүлэг этгээдийн хууль бус ажиллагаа юм байна.
ОХУ-аас гаралтай энэ тоглоомын улмаас 2015 оны арваннэгдүгээр сараас 2016 оны дөрөвдүгээр сарын хооронд 130 өсвөр насны хүүхэд амиа хорложээ. Хүүхдүүдийг амиа хорлоход хүргэсэн найман бүлгэм ажиллуулж байсан 21 настай залууг тус улсын хуулийнхан баривчилж шийтгэжээ. Уг тоглоом Казахстан, Киргизстан, Молдав, Украин, Аргентин, Их Британи улсад тархаад байгаа аж.
Одоогоор манай улсад ‘Цэнхэр халим’ сүлжээ тоглоомоос үүдэн хохирсон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Гэвч гарч болох эрсдэлээс сэргийлж Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ асуудалд анхаарал хандуулж эхэлжээ.