Эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог өвчний нэг нь цус багадалт юм. Цус багадалтын хөнгөн хэлбэрийг төмрийн бэлдмэл уулгаж гэрээр эмчилнэ. Дунд хэлбэрийг гэр орны нөхцөл сайн, эцэг эх хүүхдээ зөв асарч хооллож чадахаар бол гэрээр эмчилж болох юм. Ер нь цус багадалтын дунд хэлбэрийн ихэнх, хүнд хэлбэрийг эмнэлэгт хэвтүүлж эмчлэх нь үр дүнтэй аж.
Цус багадалтыг эмчлэхэд:
-Хүүхдийн насны шаардлага хангахуйц уураг, тослог, аминдэмээр баялаг хоолоор зөв хооллохоос гадна цэвэр агаар, иллэг, чийрэгжүүлэх дасгалууд нэн чухал.
-Хүүхдийн өдрийн дэглэмийг зөв тогтоож, сайн сувилах хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүнийг төмрийн агууламжаар нь төмрөөр баялаг (5 мг-аас их), хомс (1 мг-аас бага), нилээд их агуулсан (1-4 мг) гэж ялгадаг (хүснэгт). Эндээс хүүхдэдээ өгөх хоолны бүтээгдэхүүнийг сонгоорой.
-Төмрийн ямар бэлдмэл яаж уулгахыг эмч хэлж өгнө. Та эмчийн зааврыг сайн биелүүлээрэй. Төмрийн бэлдмэлийг хоолны өмнө 1%-ийн давсны хүчил эсвэл аскорбины хүчлээр даруулж өдөрт 2-3 удаа уулгана.
-Төмрийн бэлдмэл -ийг хүүхэд хүрэхээргүй, сэрүүн, харанхуй газар хадгалахаа мартуузай. Төмөр-фолийн хүчил агуулсан шахмалыг хоол идсэний дараа уудаг. Өлөн ууваас ходоодны үйл хямарна. Уг шахмалыг ууснаас хойш нэг цагийн дараа гурилан хүнс хэрэглэнэ. Цай ходоодонд төмөр шимэгдэлтийг саатуулдаг тул төмөр, фолийн хүчлийн шахмалыг ууснаас хойш хэдэн цагийн турш цай уухгүй байвал зохино. Төмрийн бэлдмэлийг хэдэн хоног, ямар хэмжээгээр уулгахыг эмч танд хэлж өгнө. Дур мэдэн хэрэглэвэл төмрийн бэлдмэл хортой шүү. Цус багадалтыг эмчлэхэд төмрийн бэлдмэлээс гадна В2, В6, В12, РР аминдэмүүд, кальци, фолийн хүчлийг нэмүү тунгаар уулгадаг.
Хүүхдийн хоолыг сонгохдоо төмрийн бэлдмэлийн шимэгдэлтийг ургамлын гаралтай болон сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, цай, кофе саатуулдаг, харин мах, загас, аминдэм А, С, аминхүчил цистейн, лизин, фруктоз нь сайжруулдгийг бодолцох хэрэгтэй.