Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг 5 дугаар сарын 10-ны өдөр Австрийн Ерөнхийлөгч Александер Ван Дэр Беллэн-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч Александер Ван Дэр Беллэн Элчин сайдыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.
Монгол, Австрийн улс төрийн харилцаа идэвхтэй хөгжиж байгаад хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Хоёр талын харилцааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын чиглэлээр баяжуулан бэхжүүлэхийг зорьж буйгаа Элчин сайд Г.Баттунгалаг илэрхийлж, Австрийн Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах урилгатайг нотлов.
Монгол, Австрийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх өргөн боломж, бололцоо бий гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч Александер Ван Дэр Беллэн илэрхийлэв.
Хувийн хэвшил, бизнес эрхлэгчид хооронд шууд түншлэлийг тогтоох нь эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд чухал болохыг талууд онцолж, энэ чиглэлээр арга хэмжээ зохион байгуулахаар болов.
Монгол Улс Австри Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улсын Ерөнхийлөгч 2014 онд Австри Улсад албан ёсоор айлчилж байжээ.