Холбооны нөөцийн банк ойрын хугацаанд бодлогын хүүгээ өсгөх хэрэгтэй гэв

467

АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ удахгүй өсгөнө гэж тус банкны удирдах гишүүдийн олонх нь үзлээ. АНУ-ын Төв банкны нээлттэй зах зээлийн хороо нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын нэгэнд хуралдсан юм. Лхагва гарагт танилцуулсан хурлын тэмдэглэлээс харахад гишүүд “бодлогын хүү” алгуур өснө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Хэдий тийм боловч эдийн засаг хэт ачаалах эрсдэлээс сэргийлэхийн тулд Холбооны Нөөцийн банк ойрын хугацаанд бодлогын хүүгээ өсгөх хэрэгтэй гэсэн байр суурьт гишүүд санал нэгджээ. Ялангуяа “Хэрэв АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн байдал, инфляцын түвшин тус улсын Төв банкны удирдах гишүүдийн таамагт хүрсэн, таамгаас давсан нөхцөлд, мөн Төв банкнаас ажил эрхлэлт, инфляцын зорилтот түвшнийг нэмэгдүүлэх шаардлагад хүрвэл “Бодлогын хүүг ойрын хугацаанд дахин өсгөх хэрэгтэй” гэж хурлын тэмдэглэлд онцолсон байна.

АНУ-ын Төв банк тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газраас хэрэгжүүлэх сангийн тэлэх бодлогоос эхлээд чангарч буй ам.долларын ханш зах зээлд ямар нөлөө үзүүлэх зэрэгт гол анхаарлаа хандуулж байгаа аж. Үүний дотор инфляцтай холбоотой богино хугацааны эрсдэлүүд байгаа учраас Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ ойрын хугацаанд өсгөж магадгүй байна гэж шинжээчид тайлбарлаж байна.

Холбооны нээлттэй зах зээлийн хороо хамгийн сүүлд болсон хурлаар бодлогын хүүгээ 0.5-0.75 хувьд хэвээр үлдээлээ. Үүнээс өмнө АНУ-ын Төв банкны тэргүүн Жанет Йеллен Конгрессын өмнө мэдэгдэл хийсэн юм. Тэрээр АНУ-ын Төв банк энэ онд бодлогын хүүгээ алгуур өсгөнө гэж онцолсон байна.