Индонезийн топ дөрвөн баяны хөрөнгө хүн амын ядуу 100 саяынхтай тэнцэж байна

440

Давосын дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр дэлхий нийтийн баян хоосны ялгааг харуулсан тайлан гаргаж байсан Oxfam байгууллага өнөөдөр баялгийн хамгийн тэгш бус хуваарилалттай улсуудын нэг Индонезийн талаар мэдээлэл гаргажээ.

Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа Индонез улсад 2002 онд анхны долларын тэрбумтан тодорч байсан бол 2016 онд энэ тоо 20 болсон байна.

Гэвч эдийн засгийн энэ өсөлт хүн бүрт тэгш үйлчилсэнгүй. Тус улсын хамгийн баян дөрвөн хүний хөрөнгө нийлээд $25 тэрбум болж байгаа нь Индонезийн 250 сая хүн амын ядуу 40 хувийн (100 сая) хөрөнгөтэй тэнцэж байна.

Эдгээр дөрвөн баяны эхний хоёр болох ах дүү Буди, Майкл Хартоно нар тамхины бизнес эрхэлдэг ажээ.

Индонезийн 93 сая иргэн Дэлхийн Банкны хэмжүүрээр ядуурлын түвшинд буюу өдөрт  $3.10-аас доош орлогоор амьдарч байна.

Олон улсын байгууллагууд Индонезийн баялгийн тэгш бус хуваарилалтыг гамшгийн түвшинд хүрсэн гэж дүгнэжээ.

Эх сурвалж: The Guardian