Дэлхийн тэргүүлэх ардчиллын сонгуулиас үүдсэн бодол

865

img_0014

Эдийн засаг, соёл, цэрэг зэвсгийн нөлөөг нь тооцвол яалт ч үгүй өнөөгийн хамгийн чухал ардчилсан нийгэм бол АНУ юм. Ардчилсан нийгэм гэх энэхүү ойлголтыг хэрхэн тодорхойлсноос нь хамаарч тус улсыг хамгийн эртний ардчилсан улс ч гэдэг. АНУ-ыг ирэх 4 жил удирдах хүнийг сонгох ерөнхийлөгчийн сонгууль, сунгаатайгаа нийлээд даруй 8 сар гаруй үргэлжилж буй нь АНУ-ыг төдийгүй дэлхий нийтийг залхааж буй мэт. Гэвч энэ бүхэн бидэнд дэлхийн хамгийн нөлөө бүхий их гүрний удирдагчийг сонгох үйл явцыг ажиглаж, ирээдүйн ерөнхийлөгчийн бодлого, тус улсын баримтлах чиг хандлагыг тодорхойлж мэдэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Үндэсний цөөнхүүдийн дэмжлэгийг хүлээгээгүй тул ялагдах магадлалтай болоод байгаа Трамп ах демократууд сонгуулийг луйварддаг хэмээн буруутгаж, Хиллари аниаг хууран мэхлэгч гэж цоллож байгаа нь сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмжээнд хүртлээ даамжрах аюултай байна. Түүнчлэн сонгуульд ялсан тохиолдолд тусгай прокурор томилон өрсөлдөгчөө шалгуулна гэж сүрдүүлсэн нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил урьд хожид байгаагүйгээр бохир, ичгүүртэй болж байгааг харуулж байна. Энэ мэтчилэн Трамп ахын хэлсэн, ярьсан бусад зүйлсийг нэг бүрчлэн дурьдах нь илүүц биз.

Хамгийн гол нь эдгээр үйлдэл нь ардчилсан сонгууль хийж, төр, засгийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлдэг үйл явцыг доголдуулах, түүнд итгэх иргэдийн итгэлийг үгүй хийх эрсдэл дагуулж байгаа юм. Түүнчлэн энэ бүхэн удирдагч, өндөр хариуцлагатай хүний жудаг, түүнд тавигдах нийгмийн бичигдээгүй дүрэм буюу нормын ач холбогдлыг эргэн санахад хүргэж байна.

Монголын хувьд энэ “асуудал” бүр хүнд байгаа мэт. Сонгуулийн автоматжуулсан системээ ‘хар машин’ хэмээн нэрийдэн луйврын хэрэгсэлд тооцож байсан, сонгуулийн хуулиа цаг тулган байж өөрчлөөд мэхт мэхэндээ гэгч болсон тохиолдлууд саяхных. Үүнээс гадна улс төрч, нэр дэвшигчид маань өрсөлдөгчдөө болон төрд зүтгэж буй хэн бүхнийг худалч хулгайч, авилгач мэт дүр зураг буутал өдөр шөнөгүй үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллээр ‘бөмбөгдөнө’. Угтаа төрийн түшээд мань алсын хараа, тулхтай, нуруутай зан чанар, бодлого, боловсролоороо өрсөлдөж баймаар.

Сонгуулийн процессоо байг гэхэд цагдаа, АТГ, шүүх, прокурор зэрэг хууль сахиулах байгууллагын хараат бус байдалд эргэлзтэл мэтгэлцэнэ, өнөөдүүл нь ч нийтийн хөрөнгийг завшсан, үрэгдүүлсэн том хэргүүдийг замхруулахгүйгээр, холбогдох этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх, хохирлыг барагдуулах чиглэлд үр дүнтэй ажил хийхгүй, хийснээ гарт баригдаж, нүдэнд харагдтал тайлагнахгүй байгаа нь хачирхалтай. Уг нь энэ мэт ойлгомжгүй, шударга бус байдлыг хазаарлах, дарангуйллаас ангид байх үүднээс төрийн эрх мэдлийг гүйцэтгэх, шүүх, хууль тогтоол засаглалд хуваан тэнцвэржүүлж, хараат бус байдлаар баталгаажуулж өгсөн баймаар…

Төр засаг, шүүх цагдаад итгэх иргэдийн итгэл сулрах аваас наад зах нь өнөөдөртөө, өөрөө л болж байвал болоо гэсэн сэтгэлгээ давамгайлж, нийгмийн уур амьсгал доройтож, улмаар нийгмийн тогтворгүй байдал үүсэх аюул ч бий. Учир нь төр засаг бол толгой дээр залсан дээдийн зүйл биш харин биднийг айх аюулгүй орчинд сонгосон замаараа, эрхийнхээ хүрээнд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй байгуулал юм. Бид хэдий бие биенээ танихгүй, хэзээ ч уулзахгүй авч хүмүүнлэг, энэрэнгүй, чинээлэг, эрх чөлөөтэй нийгмийг цогцлоож, амьдрах эрх ашигтаа хөтлөгдөн, шууд ардчиллыг хэрэгжүүлэх боломжгүй тул төлөөллөө сонгож, тэднээрээ нийтээр баримтлах ‘тоглоомын дүрмээ’ тогтоолгож, төр бариулдаг. Энэ байдлаар иргэд эрхээ шилжүүлж, хамтын хүчээр хөгжил дэвшилтэй, хүн бүрийн эрхийг хамгаалсан тогтолцоотой болох үйл явц бол ардчилсан нийгмийн гол цөм, утга учир гэж үздэг. Үүнээс харвал төрийн түшээд бидний өмнө үүрэг хүлээсэн мэт. Нам ч итгэл үнэмшил нэгтэй хүмүүсийн зохион байгуулалттай олонлог тул төр засгийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой нэгж болдог. Өдгөө харин арай өөр дүр зураг харагдаж байж болох юм.

Эцэст нь тэмдэглэхэд би хувьдаа өөрийн улсыг хүн амын хэмжээнээс хамаарч өөрчлөн шинэчлэл хийхэд харьцангуй түвэг багатай, суурь боловсрол сайтай, шинэ зүйлд засан зохицохдоо сурамгай ардтай, байгалийн баялаг харамгүй заяасан орон гэж боддог. Ийм орныг эрдэс баялгийн үнийн циклийг нэмж зээл авалгүйгээр давах чадамжгүй болгож, элгээр нь хэвтүүлэх шахсан нь удирдагчдын маань сэтгэл, зүтгэл дутсаных уу, үүргээ умартаж хувийн болон тодорхой бүлгийн сонирхлыг урдаа тавьсных уу?

Ардчиллын үлгэр дуурайлал гэгддэг улсын хоёр гол намын нэгнээс нэр дэвшигч ардчилсан тогтолцоондоо аюул учруулахад ойрхон байгааг харахад энэ замыг шинээр сонгосон нь байна уу, үлгэрлэдэг нь байна уу аль ч нийгэмд ардчиллын мөн чанарыг эргэцүүлж, түүндээ ач холбогдол өгч байх хэрэгтэйг сануулж байна.

-o0o-

Х.Энх-Орших
АҮИС-ийн магистрант
2016.10.21