Бээжин АНУ-ын 2017 оны батлан хамгаалах төсвийг шүүмжиллээ

719

Саяхан батлагдсан АНУ-ын 2017 оны батлан хамгаалах төсвийг Хятадын тал эсэргүүцэж байгаагаа Даваа гарагт буюу өчигдөр илэрхийлжээ.

Долоо хоног бүр болдог Хятадын гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдахдаа “Бид АНУ-ын 2017 оны батлан хамгаалах төсвийн Тайваньтай холбоотой хэсгийг хатуу эсэргүүцэж байна” гэсэн байна. Учир нь $618.7 тэрбумын уг төсөлд АНУ-Тайваний хооронд цэргийн дээд тушаалын албан хаагчдын солилцооны хөтөлбөр багтсан юм.

Тиймээс Тайваний асуудлыг хөндсөнөөрөө Вашингтон Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд халдаж байна гэж үзжээ.

Үүнээс гадна АНУ-аас Тайваньд зэвсэг нийлүүлэх ажиллагаагаа зогсоохыг шаардсан байна.

Харин Бээжин АНУ-ын ерөнхийлөгч Жимми Картерын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Збигнев Бжезинскийн WorldPost-д өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагыг магтан сайшаажээ. Тэрээр энэ ярилцлагадаа “Америкийн нөлөөг хамгийн дээд хэмжээнд хүргэх ганц боломж бол Америк-Хятадын хамтын ажиллагаа юм” гэж хэлсэн юм.

Бжезинский “Бээжинтэй дайсагнах нь бидний сонирхол биш” гээд Дональд Трампын Тайваний ерөнхийлөгчтэй утсаар ярьсан явдлыг “бодлогогүй алхам” гэж шүүмжилсэн байна.

Эх сурвалж: China Daily