18 жилийн өмнө С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийн шүүх хурал өнөөдөр болж шүүгдэгч гурван хүнд 24-25 жилийн хорих ял оноолоо.
Шүүгчдэгчдийн нэг болох Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж. Түүнээс зарим зүйлийг тодруулснаа хүргэж байна.
-Шүүхийн шийдвэр нэгэнт гарчихлаа. Та мэдээж энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа байх?
-Шударга шүүгч гэж үнэхээр байхгүй юм байна. Гомдолтой байна. Би энэ хэргийг шударга шүүх байх гэж бодож байсан. Хүлээцтэй хандсан. Шударга шүүгч байсангүй. Шударга төр ч байсангүй. Ингээд дуусч байгаа юм байна.
Хажууд минь байсан хүүг минь худал гүтгэж, хилс хэрэгт холбогдуулж байна. Ард түмэн үүнийг мэдэж байгаа.
-Та нарыг шүүх хуралд яагаад оруулаагүй юм уу. Оруулахгүй байгаа шалтгаанаа тайлбарласан уу?
-Улсын нууц гэдэг нууцын дор л энэ шүүх хурал явагдлаа. Ц.Элбэгдорж үүрэг өгчихсөн. Шүүх Ц.Элбэгдоржийн өгсөн үүргийг гүйцэтгэлээ. Би үүнд гомдож байна. Хэрэв шударга шүүх байсан бол М.Алдар гэдэг шүүгч шударгаар шийдэх байсан.
Энэ шүүгчид би маш их найдаж байлаа. Гэвч гурван шүүгч шударга байж чадсангүй.
-Шүүх хуралд танай талаас гэрчээр ямар хүн орсон бэ?
-Би гэрчээр орсон. Гэхдээ надаар юм яриулаагүй. Та асуусан асуултад хариулна шүү л гэсэн. Тийм нуугдмал байдлын цаана их учир байна.
-Тэгэхээр 18 жилийн өмнө хэрэг гардаг өдөр танай хүү хадлан дээр байсан гэдгийг та өөрөө гэрчилсэн гэсэн үг үү?
-Тийм би өөрөө нотолсон. Би 3-ны өглөө хүүхдэдээ цайгаа аягалж өгөөд, хажуудаа байлгаж байсан. Аравдугаар сард манайх өвсөө бухалдчихсан байсан. Тэр үед С.Зоригийг алах байтугай цаг завгүй өвс хадлан, хашаа бэлчээр, ногоо хураалт гээд ажиллаж байдаг үе. Тэгэхэд эд нар ингэж гүтгэж байна.
-Та бүхэн дараагийн шатны шүүхэд давж заалдах уу?
-Тэгнэ. Давж заалдаад мөн л ийм шийдвэр гарвал үнэхээр харамсалтай байна.