Герман Америкт “сайн автомашин үйлдвэрлэж сурахыг” зөвлөв

440

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өнгөрсөн Баасан гарагт Германы Bild сэтгүүлд ярилцлага өгөхдөө BMW автомашин үйлдвэрлэгчийг шүүмжилсэн билээ.

2019 онд Мексикт нээгдэх BMW-ийн үйлдвэрийг АНУ-д шилжүүлэхгүй бол 35 хувийн гаалийн татвар экспортлогдсон машин бүрт оноохоо Трамп амлаж байв. Үнэндээ BMW 3 Series седан загварын машины үйлдвэр нь бүтээгдэхүүнээ зөвхөн АНУ-д гаргахгүй, дэлхийн бусад улсууд руу ч экспортлох юм байна.

Трамп ярихдаа “Германд та нар Шевролет машин явж байгааг харсан уу? Бараг байхгүй байх. Тэгэхэд Америкийн зарим гудамжны айл бүрийн гадаа Мерседес зогсож байна” гээд “энэ бол шударга бус бизнес” гэсэн юм.

Тэгвэл өчигдөр Германы дэд канцлерь бөгөөд Эдийн засгийн сайд Зигмар Габриел Трампын шүүмжлэлд хариу болгон Bild сэтгүүлд ярилцлага өгсөн байна.

Тэрээр Германчууд Америк машин хэрэглэхийн тулд “АНУ сайн машин үйлдвэрлэж сурах хэрэгтэй” гэж хэлжээ. Габриел сайд бас Трампын дурдсан экспортын татвар хэрэгжвэл “Америкийн автомашины салбарыг муутгаж, сулруулж, өндөр үнэ өртөгтэй” болгох аюултайг анхааруулсан байна.

Трампын автомашин үйлдвэрлэгчдийн эсрэг чиглэсэн шүүмжлэлд одоогоор АНУ-ын Форд, General Motors, Японы Toyota, Германы BMW компаниуд өртөөд байгаа юм. Форд Мексикт байгуулах гэж байсан үйлдвэрээсээ татгалзаж АНУ-д шилжүүлэхээр болсон бол бусад компаниуд эргэлзсэн, хүлээсэн байр суурьтай байна.

Эх сурвалж: Russia Today