Нийслэлийн Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаанаас хордон таван хүн нас барсан гэх мэдээлэл байна. Талийгаачдийн уусан архийг одоогоор шинжилгээнд өгсөн байгаа бөгөөд хаанахын ямар үйлдвэрийн бүтээгдэхүүн болохыг нууцалж байгаа аж.
Талийгаач нарын архи уусан газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 24-нд үйлдвэрлэгдсэн “Найрсаг” архины шил болон цэвэрлэгч шингэн “Гайхмаараа”-гийн сав олджээ. Гэхдээ тус дүүргийн цагдаагийн хэлтсээс хүнсний дэлгүүрүүдээс “Найрсаг” гэх архи худалдаалж буй эсэхийг нягтлан, шалгасан байна.
Түүнчлэн мэргэжлийн байгууллагууд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 761 газарт шалгалт хийн, 3,365 шил архи битүүмжилсэн байна. Одоогийн байдлаар “Найрсаг” гэх архинаас хордсон байх магадлал өндөр байгаа юм. Учир нь энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гэх “Мөнхжин-Од” ХХК-ийн талаар таагүй мэдээлэл олон бий.
Нэгэнт дугаар буух үе таарсан тул тус компанитай холбогдохоор утас цохисон боловч хариу егөөгүй бөгөөд интернэтээс мэдээлэл хайж үзвэл багагүй асуудалтай болох нь тодорхой.
“НАЙРСАГ” АРХИЙГ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ ӨМНӨ НЬ ОЛОН ШАЛГАЛТАД БҮДЭРЧ БАЙЖЭЭ
“Мөнхжин-Од” ХХК нь 2011 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэдэг жижиг аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх үед чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулж, бусдын барааны тэмдэг бүхий шилийг ашиглаж өөрийн бүтээгдэхүүнийг савладаг, Онцгой албан татварын хуурамч тэмдэг ашиглан хямд, чанаргүй архи үйлдвэрлэн худалдаанд гаргаж Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж байсан аж ахуйн нэгжүүдийн тоонд багтжээ.
Тиймээс тухайн үед дээрх аж ахуйн нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь зогсоож, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналыг салбар эрхэлсэн яам, хариуцсан албан тушаалтанд хүргүүлэхээр болж байсан аж.
2012 онд мөн л “Мөнхжин-Од” ХХК-ийн архины үйлдвэрт хуурамч архи үйлдвэрлэсэн болох нь шалгалтаар тогтоогдож, “Мөнхжин” нэртэй 6,000 ширхэг архи худалдах гэж байсныг цагдаагийнхан илрүүлэн, хураан авсан байдаг. Мөн 2013 оны аравдугаар сард иргэний дуудлагын дагуу ШӨХТГ-аас нэгэн хүнсний дэлгүүрт гэнэтийн шалгалт хийх үеэр мөн л “Мөнхжин-Од” ХХК нь “Жем интернэшнл”, “Спирт бал бурам” зэрэг архины шил савыг ашигласан, хуурамч акц нааж хямд үнээр борлуулж байсан нь тогтоогдсон байдаг.
Тиймээс мөн л 140 гаруй шил архийг битүүмжлэн, компанид нь 5.0 сая төгрөгийн торгууль ногдуулж, тухайн үеийн ҮХААЯ-нд тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах санал хүргүүлж, ЭЦГ-т шилжүүлсэн байдаг.
ХАРИУЦЛАГЫГ ХАТУУ НОГДУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
Аливаа шалгалтын үр дүнд хариуцлагын тогтолцоо хүчингүйддэгийн тод жишээ энэ удаа “Мөнхжин-Од” ХХК-иас харагдаж байгаа. Өнгөрсөн жилийн байдлаар манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 7, архины 57, шар айрагны 19, дарсны 10 нийт 93 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоон судалгаа бий. Гэтэл тэдгээр нь чанарын шаардлага байнга хангадаг эсэх нь өнөөдөр таван хүн амиа алдсанаас харагдаж байна.
Архины асуудлаас болж ганц энэ удаа ч бус өнгөрсөн арваннэгдүгээр сард Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн 26-43 насны 21 хүн үл мэдэгдэх шингэнд хордож, дөрөв нь нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Иргэдийн хордсон гэх шингэнийг залуус архи хэмээн андуурч уусан байдаг бөгөөд шинжилгээгээр тэр нь метилийн спирт гэж тогтоогдсон. Түүгээр ч зогсохгүй тухайн үед метилийн спиртийг хүнсний ногоо нийлүүлдэг Хятад эмэгтэй борлуулсан байна хэмээн түүнийг олон нийтээрээ буруутгаж байсан нь саяхан.
Түүнээс өмнө 2007 оны арванхоёрдугаар сард “Азийн чоно” ХХК-ийн үйлдвэрлэсэн архинд 15 хүн амь насаа алдаж, мөн 200 гаруй иргэн эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирсон харамсалтай хэрэг ч гарч байсан. Хариуцагчдад нь ял ногдуулсан ч Өршөөлийн хуульд хамрагдсан хэмээн мөн л олны анхаарлыг татаж байсан.
Тэгэхээр согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо өндөр шалгуур тавьдаг шигээ аливаа асуудал үүсгэж, чанар, стандартын шаардлага хангаагүй тохиолдолд хариуцлагын тогтолцоог чангатгахгүй бол цөөхөн монголчууд хордсоор дуусч магадгүй бололтой. Өнөөдөр мэргэжлийн байгууллагууд шинжилгээний дүн гарахаар мэдээлэл хийх тул бид энэ талаар эргэн сурвалжлах болно.