Өчигдөр буюу Даваа гарагт Өмнөд Солонгосын прокурор Самсунг Электроникс компанийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёныг авлигын хэрэгт буруутган баривчлах шийдвэр гаргажээ. Шүүх энэ шийдвэрийг баталбал ерөнхийлөгч Пак Гын Хэг тойрсон дуулиант хэрэгтэй холбогдож баривчлагдсан хувийн хэвшлийн хамгийн өндөр албан тушаалтан тэр болох юм.
Прокурор 48 настай Ли 43 тэрбум воныг ($36.4 сая) ерөнхийлөгчийн найз Чой Сүүн Силд авлига болгон өгсөн гэж үзжээ. Өнгөрсөн сард хэвлэлүүд Самсунг компанийг Чой Сүүн Силийн 20 настай охин Чун Юү Рагийн морин спортын бэлтгэлд зориулж $3 саяыг хандивласан гэх сэжигийн талаар мэдээлж байв. Энэ мөнгөний $850,000 орчим нь сайн үүлдрийн морь худалдан авахад зарцуулагдсан гэдэг.
Бас Чой хатагтайн эзэмшдэг Германд бүртгэлтэй Core Sports International зөвлөх фирмд Самсунг $18 саяыг төлсөн гэсэн мэдээлэл бий.
Энэ бүхний хариуд Самсунгийн хоёр охин компани болох Samsung C&T, Cheil Industries компаниудыг нэгтгэх $8 тэрбумын наймааг Солонгосын Үндэсний Тэтгэврийн Сангаар дэмжүүлэхэд Пак ерөнхийлөгчийн нөлөөг ашигласан гэж прокурор үзжээ.
Тус тэтгэврийн сан нь Самсунгийн хамгийн том хувь эзэмшигч юм.
Өнгөрсөн сард тэтгэврийн сангийн ерөнхийлөгч Мүүн Хюн Пог ерөнхийлөгчийг тойрсон дуулиантай холбогдуулан баривчилсан байна. Хоёр компанийг нэгтгэснээр Ли Жэ Ён Самсунг Электроникс компанийн хамгийн том хүн болох замаа зассан гэдэг.
Самсунг компанийн мэдэгдэлд прокурорын шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд, шүүх үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байгаагаа өгүүлсэн байна.
2012 оны тоо баримтаар Самсунгийн нийт борлуулалт Өмнөд Солонгосын ДНБ-ий 23 хувийг бүрдүүлдэг. Өнгөрсөн онд гарсан Note 7 гар утасны алдагдал тус улсын экспортод сөргөөр нөлөөлж байгааг төв банк нь мэдээлж байсан юм.
Ли Жэ Ёныг баривчилснаар Самсунгийн удирдлага шилжих явцад тасалдал гарахаар болж байна. Учир нь түүний эцэг, Самсунгийн үндэслэгч Ли Бюн Чул одоогоор тус компанийн ерөнхийлөгч байгаа ч 2014 оноос хойш эрүүл мэндийн доройтлоос болоод билэгдэл төдий байгаа юм.
Тэгвэл өв залгамжлагчийн хувь заяа бүрхэг болсноор Самсунг Электрониксийн удирдлагын асуудал хүнд байдалд орлоо.
Эх сурвалж: Quartz