Манай улс ирэх гуравдугаар сард 580 сая евро бондын зээл төлөх учиртай. Гэтэл энэ мөнгө Засгийн газарт байхгүй. Тиймээс ч эрх баригчид олон улсаас мөнгө зээлж, энэ их өрийг төлнө гэсэн мэдээлэл байгаа. Гэсэн хэдий ч одоог болтол манай улсад хөнгөлөлттэй зээл өгөх таатай хариу өгсөн улс алга л байна. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаас тодрууллаа.
-Ирэх гуравдугаар сард 580 сая евро бондын зээл төлнө. Энэ зээлийг хэрхэн төлөх боломж байна вэ?
-Монголын эдийн засаг маш хүндрэлтэй байгаа. Бэлэн мөнгөний төлөлт хийхэд хүндхэн байгаа шүү дээ. Энэ өрийг төлөх гурван янзын хувилбар л байгаа. Нэгдүгээрт, бэлэн мөнгөө төлөх, хоёрдугаарт, ямар нэгэн байдлаар хойшлуулдаг. Гуравдугаарт, бол төлж чадахгүй гэдгээ албан ёсоор зарладаг. Мэдээж нэг болон гуравдугаар хувилбар Монгол Улсад хүндхэн гэдэг нь ойлгомжтой.
Бэлэн мөнгөөр өрөө төлөхөд эдийн засаг дийлэх ачаалал нь дийлэх боломж нь хомс байгаа.Харин өрөө төлж чадахгүй гэдгээ зарлана гэдэг бол аливаа улс орны хувьд хамгийн хүнд нөхцөл байдал үүснэ. Тиймээс хоёрдугаар хувилбар нь өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын хувьд хамгийн зөв хувилбар юм болов уу гэдгийг ярьж байгаа.
Гэхдээ одоогоор эцсийн шийдэл гараагүй байна. Тун удахгүй ОУВС-ийн дарга нь ирж албан ёсны уулзалт хийнэ. Ингээд ОУВС-ийн хөтөлбөрийг хүлээж авах эсэх асуудлыг энэ сардаа багтаагаад эцсийн байдлаар шийдэх байх.
-Ер нь энэ 580 сая евро бондын зээлийг юунд зарцуулчихсан юм бэ?
-Саяхан та бүхэн Хөгжлийн банкны шалгалтын дүн болоод нөхцөл байдлыг харж байгаа байх. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн, зээл олгосон зэрэгт л зарцуулагдсан. Хөгжлийн банкны ажлын хэсгийн шалгалтын дүн УИХ-д танилцуулагдаж, хэвлэл мэдээлэл олон нийтэд нээлттэй болсон.
Засгийн газар ажлын хэсгийн шалгалтын 200 орчим хуудас материалыг нууцын зэрэглэлээс гаргаад байгаа. Тиймээс бүх хүнд нээлттэйгээр хүрч байгаа.
-Тэгвэл үр дүнгүй зүйлд 580 сая евро бондын зээл зарцуулагдчихсан гэж ойлгож болох уу?
-Ер нь бондын мөнгө болоод Хөгжлийн банкны зээлийн асуудлууд бол нэлээд хууль зөрчсөн. Ноцтой но-той зүйл байна. Үр дүнгийн хувьд бол УИХ-аас ажлын хэсэг байгуулаад нягталж байгаа. Бидний авсан мэдээллээр Хөгжлийн банк болоод яамтай холбоотой бонд болон зээлтэй холбоотой асуудлыг шалгах хууль хүчний байгууллагын ажлын хэсэг гаргаад явж байгаа. Тиймээс энэ асуудал энэ хүрээндээ шийдэгдэх болно.
Ер нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ Хөгжлийн банкинд дээр хууль зөрчсөн, сахилга хариуцлага алдсан олон асуудал болсон байна. Энэ мэт байдал л өнөөдөр Монгол Улсыг эдийн засаг ийм болоод байна. Өрөнд ороод эргээд тэр өрөө төлж чадахгүй хэмжээний нөхцөл байдал үүсээд байгаа.
-УИХ-ын дарга саяхан ОХУ болоод арабын орнуудад айлчлаад ирсэн. Гэтэл ОХУ-аас зээл гутал “Авсан зээлээ юунд зарцуулах нь тодорхой бус байна. Тиймээс зээл өгч чадахгүй” гэсэн хариу өгсөн гээд байх юм?
-Ийм асуудал болсон гэдгийг мэдэхгүй байна. Хэвлэлүүдэд янз бүрээр яригдаж байгаа. Гэхдээ эдийн засгийг босгож ирэхийн тулд ямар нэгэн гадны хөрөнгө оруулалт, зээл тусламж, дэмжлэг хэрэгтэй байгаа. Тиймээс Засгийн газар өөр өөрсдийнхөө шугамаар чиглэл бүр дээр ажиллаж байна. Хөгжлийн банкны болоод Чингис бондын эргэн төлөлт, Хятадын ардын банкны зээл гээд нэлээд олон өрийн байдалд орсон улс оронг бид хүлээж авсан нь үнэн. Харин одоо асуудлаас гаргах талаар бид хөөцөлдөж л байна.
-Зээлээ төлөх асуудлаа хойшлуулах асуудал яригдаж эхэлчихсэн юм уу?
-Энэ асуудлыг ганцхан өдөр яриад шийдчихдэг юм биш. Олон удаагийн уулзалт, яриа хэлэлцээр болж байж шийдэгдэх байх.