‘Монгол Улсын Засгийн газарт ‘Шуурхай санхүүжилтийн хэрэгсэл’-ээр дамжуулан төсвийн санхүүжилт олгох нь боломжит хувилбаруудын нэг” гэж Олон Улсын Валютын Сангийн Суурин төлөөлөгч Сеок Хюн Ёон мэдээллээ.
И-мэйлээр тодруулга авахад ‘Цар тахалтай тэмцэх ажилд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар Монгол Улсын Засгийн газартай зөвлөлдөж байгаа. Нэг хувилбар нь “Шуурхай санхүүжилтийн хэрэгсэл”” гэж байсан юм.
Энэхүү хэрэгслийн тусламжтайгаар цар тахлын үед нэн шаардлагатай байгаа эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой төсвийн зардлыг санхүүжүүлэх боломжтой юм. Энэ талаар техникийн нарийн асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэхээр төлөвлөжээ. Хөл хорио тогтоосон тул цахимаар хуралдах юм байна.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Олон Улсын Валютын Сангаас 100 гаруй улсын Засгийн газар цар тахалтай холбоотой санхүүгийн дэмжлэг хүссэн байна. Эдгээрийн 50 орчимд яаралтай дэмжлэг үзүүлжээ.
Харин энэ сарын 23-нд эцэслэх ‘Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр’-ийг сунгах эсэх талаар мэдээлэл өгсөнгүй. Хэдий тийм боловч хэрэгжиж эхлэх үед эдийн засгийн өсөлт 1.2 хувь байсныг 5.1 хувь хүртэл өсгөсөн байна. Гадаад валютын албан нөөцийг гурав дахин өсгөжээ. ‘Нэлээд дэвшил гарсан’ гэж хариулжээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ойрын хугацаанд хэлцлийн талаар олон нийтэд зарлана гэж байсан юм.
Харин Монголбанкны нэгтгэсэн мэдээллийг харвал 2020 оны нэгдүгээр сарын байдлаар хөтөлбөрийн санхүүжилтийн 60 хувь орж ирсэн байна. Нийт 5.6 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор анхлан тохирсноос 3.38 тэрбум ам.доллар орж иржээ. Үүний 2.1 тэрбум ам.доллар нь БНХАУ-ын Ардын банкны своп хэлцэл байна.