МОНГОЛ УЛС ‘СААРАЛ ЖАГСААЛТ’-ААС ГАРАХ АЖЛЫН ЯВЦЫН ТАЙЛАНГАА ХАМГААЛНА

169

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу FATF-ийн Ази, Номхон далайн хамтарсан бүлгийн цахим хуралдаанд Монгол Улс оролцож мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын явцын хоёрдугаар тайлангаа хамгаалах гэж байна.

Хурал өнөөдөр буюу тавдугаар сарын 11-ний орой эхэлнэ гэж Сангийн яам мэдээллээ. Хурлаар Монгол Улсын үлдсэн гурван ажлын гүйцэтгэлийг хамгаалах юм байна. Эдгээр нь салбаруудын эрсдэлд суурилсан хяналт шалгалт, мөнгө угаах гэмт хэргийн шүүхийн шийдвэрлэлтийг сайжруулах, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх хүрээнд санхүүгийн болон санхүүгийн бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч нараас санкц, хориг тавих арга хэмжээний хэрэгжилтийг сайжруулах ажлууд багтжээ.

“Тавдугаар сард болох Ази, Номхон далайн хамтарсан бүлгийн хурлаар үлдсэн ажлын тайлангаа хэлэлцүүлж, хамгаалахаар ажиллаж байгаа бөгөөд хурлаар үлдсэн ажлуудыг амжилттай хамгаалснаар 2020 оны аравдугаар сард багтаан FATF-ийн стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарах нөхцөл бүрдэнэ” гэж Монголбанк өмнө нь мэдээлж байсан юм.